Автобусны эцсийн зогсоолыг тохижуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

Нийслэлийнхэн бид өглөө босоод л амьдардаг газрынхаа ойролцоох автобусны буудал уруу яарна. Ажил амьдралыг холбох их гүүр нь нийтийн тээврийн унаа болохоор арга ч үгүй юм. Улаанбаатар хотод 569 автобусны дундын зогсоол бий. Үүний 27 буудал дээр мэдээллийн самбар, 65 буудалд нийтийн сандал байрлуулсан. Харин 84 чиглэлийн 50 орчим эцсийн буудлын тохижилт, замын өргөтгөл сүүлийн хэдэн жилд хаягдсанаас үүдэн автобусны жолооч, кондуктор/мөнгө хураагч/ нар автобусныхаа хогийг ил задгай газар хаядаг гэсэн гомдол их гарах болсон. Иймд автобусны эцсийн буудлыг зайлшгүй тохижуулах шаардлагатай хэмээн үзжээ. Уг ажлын хүрээнд цогцолбор төсөл хэрэгжиж автобусны эцсийн буудалд автобусны үйлчилгээ, үйл ажиллагааг хянах диспетчер, цагдаагийн байр, нийтийн бие засах газар, угаалгын газар, жолооч, кондукторуудын түр амрах байр, нийтийн халуун ус, цайны газар, автобус чөлөөтэй эргэх боломжоор хангасан зам талбайн өргөтгөл засвар хийх аж.

Энэ жил Шархад, Улиастай, Баянхошуу, Дэнжийн 1000 зэрэг дөрвөн эцсийн буудлыг бүрэн тохижуулсан гэж Нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаа ярьсан. Харамсалтай нь шаардлагатай газрын эцсийн буудалд өнөөг хүртэл тохижилт хийгдээгүй л байна. Тухайлбал, Халдвартын эмнэлгийн эцсийн буудалд өдөрт 40 гаруй том оврын автобус ээлж дараалан ирж, таван минутын зайтай хөдөлнө. Чөлөөтэй эргэх зайгүй автобусны эцсийн буудалд хоёр давхар барилга барих байтугай өргөтгөл шинэтгэл ч хийх боломжгүй гэнэ. Иймд баяр наадмын дараа бие засах газар, нийтийн сүүдрэвч, сандал байршуулна гэж албаныхан хэлж буй. Гэтэл он гарсаар хоёр ч хүн тус эцсийн буудал дээр зуурдаар нас баржээ. Уг нь автобусны эцсийн зогсоол үхлийн зогсоол биш шүү дээ.

Гэтэл "А" зэрэглэлийн энэ бүсэд есөн давхар орон сууц барихаар суурийг нь ухжээ. Иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс зай талбайгаа өргөтгөн хоёр автобус чөлөөтэй эргэдэг болговол зүгээрсэн. Мөн Вокзалын эцсийн буудалд зураг төслийн дагуу ажил хийх боломжгүй байгаа нь газрын маргаантай холбоотой ажээ. Барилга бариад замын өргөтгөл хийе гэвч "Улаанбаатар Төмөр зам"-ын харьяа газар гэсэн шалтгаанаар зөвшөөрдөггүй гэнэ. Улс орны нүүр царай болсон төмөр замын өргөө орчим нэг ч гэсэн газрыг тохижуулбал сайнсан.

Ч.БУЯНЖАРГАЛ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top