УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өчигдөр үдээс хойш чуулганы хуралдааныг орхиж гармагцаа Ерөнхийлөгч болон нийт ард түмэнд хандан мэдэгдэл хийв. “УИХ-ын даргыг шинээр сонгохдоо АН УИХ-д суудалтай бүх намтай зөвшилцөх хуулийн заалтыг үл хэрэгсэн хүч түрэн шийдвэрлэсэн нь Парламентын ардчилал, нэгэнт тогтсон соёлыг уландаа гишгэсэн үйлдэл боллоо. УИХ дахь АН-ын удирдлага УИХ-ын даргыг өөрийн намын эрх ашгийг хамгаалагч, Парламент дахь олонх, цөөнхийн ашиг сонирхлыг зохицуулах бус хооронд нь сөргөлдүүлэгч болгон хувиргасан нь улс төрийн балмад үйлдлүүдээс нь бэлхнээ харагдаж байна” хэмээв. МАН-ын бүлгийн мэдэгдэлд түүнчлэн ”Үндсэн хуулийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь АН өөрийн эрх ашигт нийцсэн хууль, шийдвэрийг сөрөг хүчний хяналтгүйгээр гаргаж, төрийн эрх мэдлийг хяналтгүйгээр гартаа авч ноёрхох гэсэн ардчиллын эсрэг хэт даварсан санаархал юм. МАН Парламентын ардчилал эрсдэлд орох аюул заналын эсрэг иргэний нийгмийн өмнөөс хуулиар олгогдсон сөрөг хүчний албан ёсны эрх үүргээ УИХ-д бүрэн эдлэхийн төлөө тууштай тэмцэх болно” гэжээ. “Өчигдөр үдээс өмнө Нийслэлийн шүүх УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж ялсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын талаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болголоо. Өвөрхангайн ард түмэн УИХ-ын гишүүдээрээ дамжуулан төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэв. Энэ асуудлыг СЕХ, Ерөнхийлөгч, УИХ нэн яаралтай шийдэж, Анхдугаар чуулганаар эцэслэн шийдвэрлэх ёстой байхад Анхдугаар чуулганыг хаах тухай яригдаж байгаа нь хууль зөрчсөн, хэтдээ УИХ-ын нэр хүнд, эрх зүйн чадамж, улс төрийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө” хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )