Н.Энхбаярыг зоригтойгоор хамгаалах гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

 

“Шударга ёсны хувьсгалт” Үндэсний нэгдсэн оюутны холбооны залуучууд Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хуралд “Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбоо"-ны Ерөнхийлөгч Д.Мөнхтөр, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Азхүү, Ц.Ойдов, Ц.Энхтуяа “Монгол туургатан хуралдай” ТББ-ын гишүүн доктор Д.Мөнхсайхан нар оролцлоо.

Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Азхүү: “Манай холбоо нь “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” нэртэй хөдөлгөөнийг санаачлан идэвхтэй ажиллахаар боллоо. Манай оюутны холбоо нь анх үүсгэн байгуулагдсанаас хойш оюутны холбоод болон төрийн бус байгууллагуудтай хамтарч үндэсний эрх ашгаа хамгаалахаар ажиллаж байна. Манай хөдөлгөөнд “Орхон аймгийн оюутны холбоо”, “Эх орончдын индэр”, “Бид хөгжлийн төлөө хамтдаа”, “Ёс зүйг дээдлэгч залуучууд”, “Буган Хумбага”, “Хөгжлийн өндөрлөг”, “Монгол туургатны хуралдай” ТББ, “Оюутан залуучуудын соёлын солилцооны холбоо”, Оюутны эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийнхэн нэгдсэн байгаа. Оюутан, залуучууд маань энэ хөдөлгөөнд нэгдээрэй” гэлээ.

“Монгол туургатны хуралдай” ТББ-ын гишүүн доктор С.Мөнхсайхан “Биднийг яагаад Н.Энхбаярыг хамгаалж, өмгөөлөөд байна вэ гэж та бүхэн гайхаж байгаа байх. Хэдхэн хоногийн өмнө Станфордын их сургуулийн гурван эрдэмтэн Монголд ирж лекц уншсаныг та бүхэн санаж байгаа болов уу. Манай Монголын дотоодын бүх нөөц, эрдэс баялгийг нөөцлөн гадаадад байршуулан удирдах зөвлөл гэж томилдог гэнэ. Удирдах зөвлөлийн гишүүдийн 30-аас доошгүй хүн нь олон улсын байгууллагуудыг хүрээлж байдаг. Ингэж явсаар Монгол улс биш болно. Ингэж л харийнхан биднийг устгах нөхцлийг төлөвлөөд сууж байна. Монгол Улсын аюулгүй байдал үнэхээр алдагджээ. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө Н.Энхбаяр өөрийн амь, биеийг үл хайрлан тэмцэж байгаа учраас бид оройтоогүй дээрээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг аврах ёстой” гэсэн юм.

Тус холбооны Ерөнхийлөгч Д.Мөнхтөр, “Манай улс ардчилсан нийгэмд шилжиж орсноос хойш 20 гаруй жилийг үдээд байгаа боловч дэлхий дахинд улс төрийн зорилгоор хүнийг хилс хэрэгт гүтгэн хэлмэгдүүлсэн ноцтой алдааг одоо гаргаад байна. Бид юунаас ч эмээлгүй хүний эрхийн төлөө өөрсдийн үзэл бодлыг хамгаалж, хэрэгжүүлнэ. Зорьж буй ажлынхаа талаар олон компанит ажил хийхээр ажилдаа ороод байна” гэв.

А.Баярмаа

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top