З.Энхболд: Ирэх дөрвөн жилд эв эеийг хичээн, улс төрийн тогтвортой байдлыг хадгалж ажиллах шаардлага тулгарч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 22

УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ХААЖ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

 

2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот     

Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.

 

Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуульд заасны дагуу зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлснээр үйл ажиллагаагаа өндөрлөж байна.

 

2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Ардчилсан намаас 31, МАН-аас 25, ИЗНН-аас 2, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс 10, бие даан нэр дэвшсэн 3 хүн тус тус сонгогдон төрийн сүлдэндээ тангаргаа өргөсөн 71 гишүүнтэйгээр Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

Энэ парламентыг УИХ-ын Сонгуулийн шинэчилсэн хуулиар анх удаа сонгуулийн холимог хэлбэр, санал хураалтын автоматжуулсан системээр сонгож бүрдүүллээ. Сонгуулийг санал тоолох дэвшилтэт арга хэлбэрээр явуулснаар сонгууль шударга болсныг сонгогчид, гадна дотны ажиглагчид үнэлж дүгнэж байна. Иймээс ирэх дөрвөн жилд шинээр бүрдсэн УИХ, Засгийн газар, улс төрийн хүчнүүд эв эеийг хичээн үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалж улс орны хөгжлийн төлөө бүтээлч, шуурхай, шинэ арга барилаар хандаж ажиллах шаардлага тулгарч байна. Энэ үндсэн дээр сонгуулийн үр дүнгээр УИХ-д хамгийн олон суудал авсан Ардчилсан нам ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ байгуулж ажиллахаар улс төрийн тохиролцоонд хүрч, Улсын Их Хурал дахь олонхийг бүрдүүлэн ажиллаж байна.

Анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгон, бүтцийн нэгж болсон Байнгын хороо, дэд хороодоо байгуулж, дарга нарыг сонгож баталлаа. УИХ-д Өргөдөл, гомдлын байнгын хороог байгуулж, шууд ардчиллын элементийг парламентын хяналтад оруулахаар тусгасны дагуу энэ Байнгын хороог байгуулав. Ингэснээр парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэд олон түмний санал бодлыг хууль тогтоох үйл явцад тусгах, ойртож ажиллах нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн Байнгын хороодын үйл ажиллагааг түргэн, шуурхай ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс нэг Байнгын хороо 10-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх, нэг гишүүн нэгэн зэрэг гурваас дээшгүй Байнгын хороонд харьяалагдах зэрэг өөрчлөлтүүдийг тусгаж УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Анхдугаар чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилж, Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулан баталж, сайд нарыг томилсноор Засгийн газрыг эмхлэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн боломжийг бүрдүүлж өгөв. УИХ Засгийн газрын бүтцийг тодорхойлохдоо үр дүнтэй ажиллах, хийх ажлынх нь чиг үүрэг тодорхой, ажил үүрэг нь давхцалгүй, хүлээх хариуцлага нь тодорхой байж ард иргэдээрээ ил тод хянуулах зэрэг зарчмуудыг дэмжин баталж өгөв. Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө яаралтай боловсруулан батлуулж, шинэ байгуулагдсан яамдын бүтцийг шинэчлэн, цаг үеийн тулгамдсан асуудал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар шуурхай арга хэмжээ авч, эрч хүчтэй ажиллах шаардлага тулгарч байна.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулган 30 хоног хуралдаж, Улсын Их Хурлын бүрэн эрх, бүтэц, бүрэлдэхүүний тухай болон Засгийн газрын бүтэц, зохион байгуулалттай холбоотой бие даасан хоёр хууль баталж, 38 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны зэрэгцээ Улсын Их Хурлын 18 тогтоолыг баталлаа.

Хэдийгээр Анхдугаар чуулган өндөрлөж байгаа ч шинээр байгуулагдсан УИХ-ын бүрэн бүрэлдэхүүн хараахан бүрдэж чадаагүй байна. Сонгуулийн дүнгээс үүдэлтэй зарим тойргийн маргаантай асуудлыг хуулийн дагуу яаралтай шийдвэрлэж, УИХ бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд Сонгуулийн ерөнхий хороо, хууль хяналтын байгууллагууд анхаарлаа хандуулах нь зүйтэй.

УИХ-д 25 суудал авсан МАН УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13.1-д зааснаар УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтаа УИХ-ын даргад өргөн мэдүүлэх заалтыг баримтлаагүйгээс МАН-ын бүлэг байгуулагдаагүй байна. УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд бүлэг байгуулах талаар хуульд зохих өөрчлөлт оруулах тухай төслөө өргөн мэдүүлвэл Улсын Их Хурал энэ асуудлыг хуулийн дагуу аль ч чуулганаараа хэлэлцэж шийдвэрлэх боломжтой юм.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал Анхдугаар чуулганаа өндөрлүүлж байгаа ч бидэнд ойрын үед шийдвэрлэх тулгамдсан асуудал цөөнгүй байна. Үүний дотор Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулж, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль, 2012 оны Улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, сонгуулийн товыг зарлах шаардлагатай байна. УИХ дахь намын бүлэг, холбогдох Байнгын хороод энэ талаар идэвхийлэн ажиллаж, төрийн байгууллагын болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага бүрэлдэн бий болох, цаашид тогтвортой ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь чухал байна.

Шинээр бүрдсэн Улсын Их Хурал төрийн залгамж чанарыг хадгалан төрийн бодлого тодорхойлох, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах болно.

Сонгогч түмний итгэлийг хүлээж, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон ажиллах нь Улсын Их Хурлын гишүүд бидний нэр төрийн хэрэг төдий биш, ихээхэн итгэл найдвар, үүрэг хариуцлага хүлээлгэж буй явдал юм. Ийм учраас Улсын Их Хурал, Засгийн газар олон түмний итгэл найдвар, цаг үеийн шаардлагыг дааж шинэ арга барил, шинэ бодол санаа, шинэ эрч хүчээр ажиллана гэдэгт итгэж байна.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы үйл ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top