УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Шүүх байгуулах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Шүүгчийн орон тоо тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Газар нутгийн хэт алслагдсан байдал, хүн амын шилжин суурьшилт олширсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн орон нутагт шүүх, прокурорын байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй, хурдан шуурхай хүргэж, зөрчигдсөн эрхийг сэргээх шаардлага бий болсноор уг хуулийн төслийг боловсруулсан байна. Тодруулбал, Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт ашигт малтмалын хайгуул, ашиглалт идэвхитэй явагдаж байгаа. Гэвч ашигт малтмалын орд бүхий газрууд сум, аймгийн төвөөс хэт алслагдсан байна. Тухайлбал, “Гашуун сухайт”-ын хилийн боомт байнгын үйл ажиллагаатай болсноор суурин амьдардаг 3900, суурин бус амьдардаг 11000 гаруй хүн амтай болжээ. Үүнээс үүдэн гэмт хэрэг, захиргааны зөрчил, иргэний хэрэг маргаан гарах нь нэмэгдэх хандлагатай болсон байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга болон Баян-Овоо, Манлай, Ханбогд, Цогцэций сумын Засаг дарга нар эдгээр сумдын нутаг дэвсгэрийг хамарсан сум дундын шүүх байгуулах тухай хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлээд байсан байна. Тиймээс уг хуулийн төсөлд Өмнөговь аймгийн зүүн талын Баян-Овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций сумын нутаг дэвсгэрийн хэрэг маргааныг харъяалсан сум дундын 2 дугаар шүүхийг Ханбогд сумын төв дээр байгуулахаар тусгасан байна. Түүнчлэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийг шинээр байгуулахтай холбогдуулан тус шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 5 байхаар тогтоох тухай тусгаснаа төсөл санаачлагч УИХ-ын даргад хэлж байлаа.
Мөн Өмнөговь аймгийн прокурорын газрын бүрэлдэхүүнд нийт 15 сумын нутаг дэвсгэрт гарсан гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэх, хэргийн материалд хяналт тавьж, хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэхэд хүндрэл учирч байгаа тул Өмнөговь аймгийн Ханбогд, Гурвантэс сумуудад шинээр сум дундын прокурорын газар байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна
Сэтгэгдэл ( 0 )