“Түүх, соёлын олдворыг хамгаалах эрх зүйн орчин” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 22


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд “Түүх, соёлын олдворыг хамгаалах эрх зүйн орчин” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр зохион байгуулагдлаа.  

            Хэлэлцүүлэгт “Соёлын өв, палеонтологийн олдворыг хамгаалах” сэдвээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, “Палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага” сэдвээр Канадын “Сээр нуруутны палеонтологийн олдворын олон улсын хүрээлэнгийн захирал” Филип Кюри, “Монголын эртний амьтан ургамлын олдвор, олдворт газрын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр Палеонтологийн төвийн захирал Р.Барсболд, “Палеонтологийн олдвортой холбоотой хэрэг, зөрчил, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Соёлын хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэндсүрэн, “Түүх, соёлын олдворын хууль бусаар хил нэвтрүүлэх гаалийн зөрчлийн өнөөдрийн чиг хандлага” сэдвээр Гаалийн Ерөнхий газрын Шуурхай хяналт оношлогооны төвийн гаалийн улсын ахлах байцаагч Л.Очгэрэл нар тус тус илтгэл тавьж, Улсын Мөрдөн Байцаах Газрын мөрдөн байцаагч Я.Жавхлан “Тирранозавр Батаар” үлэг гүрвэлийн ясыг хилээр хууль бусаар нэвтрүүлсэнтэй холбогдох хэргийн талаар товч мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлэгт Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Соёл урлагийн хороо, Соёлын өвийн төв, Палеонтологийн төв, Археологийн хүрээлэн, Байгалийн түүхийн музей, шүүх, прокурор, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгчид, гадаад дотоодын эрдэмтэн судлаач нар  оролцож, санал бодлоо илэн далангүй солилцлоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд цаашид соёлын өвийн багц хуультай болох, эрүүгийн хуульд соёлын өвийн эсрэг гэмт хэргийн бүлэг шинээр нэмж оруулах, соёлын өвийг хамгаалах тогтолцоо, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авах талаар нэгдсэн дүгнэлтэд хүрлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top