Зуны олимпийн 30-р наадмаас манай баг тамирчид таван медальтай ирсэнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимп, дэлхийн аваргад урамшуулал олгох тухай зарлиг гаргасан.
Өнөөдөр Монголын шатрын холбоо, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо, дасгалжуулагч, ахмад, залуу үеийн шатарчдын төлөөлөл хамтран “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Манай шатарчид Дэлхийн шатрын 40-р олимдиадад оролцох гэж байгаа болон МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт хүргэж байгаа тухай мэдээлсэн юм.
Хүсэлтдээ “Монголын шатарчдын үе үеийн амжилтыг дурдахын зэрэгцээ чансаа нь өсч тив, дэлхийн чанартай тэмцээнээс медаль хүртэх болсон. Шатар сонирхогчид олширч байна. Бид улсын болон ОУ-ын шатрын тэмцээнийг зохион явуулах, спортын үнэлэмжийг дээшлүүлэх, шатар тоглох орчин нөхцлийг ОУ-ын стандартын хэмжээнд хүргэх, авьяастнуудыг эрт нээж, сургалтын хөтөлбөрт хамруулах, шатрын үр өгөөжийг сурталчлах ажлыг дан ганц бидний идэвх зүтгэлээр явуулахад хүндрэлтэй байдаг тул төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаа. Та шатрыг сургуулийн хичээлийн оруулж, шатрыг хөгжүүлэх талаар зарлиг гаргана хэмээн илэрхийлж байсан. Иймд их мастер цолтнууд, Дэлхийн шатрын олимпиадаас ширээндээ медаль хүртэгсэд, өсвөрийн шатарчдын Дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн хуруу дарам цөөн шатарчдыг урамшууллын зарлигт хамруулж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Мөн манай улсын шигшээ багийн 10 шатарчин, хоёр дасгалжуулагч, багийн ахлагчийн хамт 14 хүний бүрэлдэхүүнтэй ирэх бямба гаригт Турк улсын Истанбул хотноо болох Дэлхийн шатрын 40-р олимпиадыг зорихоор болжээ. 10 шатарчны эрэгтэй, эмэгтэй төрлөөр тус бүр таван шатарчин өрсөлдөнө. Тэмцээн энэ сарын 27-ноос ирэх сарын 10 хүртэл үргэлжилнэ. Шатрын спорт цаг их шаарддаг тул олимпийн спортын төрөлд багтдаггүй гэдэг. Ийнхүү манай шатарчид 13 хоногийн турш оюун ухааны спортоор дэлхийн 160 гаруй орны шатарчидтай өрсөлдөх болжээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )