Засгийн газрын шинэ танхимын сайд нар ажлаа шуурхай эхэллээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчдийн газрын удирдлагуудтай тус тус уулзлсан юм. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс сайд Н.Удвалд Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Уулзалтын үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарэт Чэний Монгол Улсад хийх айлчлалын тухай, энэ оны есдүгээр сард болох ДЭМБ-ын Ази, Номхон Далайн баруун эргийн бүсийн чуулганы бэлтгэл ажлын тухай болон ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл солилцлоо. Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарэт Чэний Монгол Улсад хийх айлчлал нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж, ДЭМБ-аас ийнхүү Монгол Улсыг онцгойлон авч үзэж байгаад талархлаа илэрхийлсэн юм.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн удирдлагууд, тус сангийн ажилтнуудын нийгэмлэг НҮБ-ын Хүүхдийн санд ажиллаж байсан Н.Удвалыг Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд гүн талархлаа илэрхийлж тус сангийн Бүсийн Ерөнхий захирал нь энэ мэдээг дуулаад баяр хүргэж, ажлын амжилт хүссэнийг уламжлав. Энэ уулзалтын завшааныг ашиглаж Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газарт хандан эх хүүхдийн эрүүл мэнд, эх барихын тусламжийн эрсдлийн үнэлгээг хурдавчилсан аргаар хийж, гарч болох эрсдлээс сэргийлэх стратегийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх ажилд хамтран ажиллахыг хүслээ. Уулзалтын үр дүнд энэ асуудлаар талуудын оролцоотой дугуй ширээний ярилцлагыг ойрын өдрүүдэд зохион байгууллахаар тогтлоо.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )