Уул уурхайн сайд Д.Ганхуяг геологи, уул уурхай, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн чиглэлээр эдгээр мэргэжлийн болон ТББ-уудын саналыг тусгах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлаар мэргэжлийн байгууллагуудтай байнга санал солилцож тэдний үгийг сонсож ажилдаа тусгаж ажиллахаар төлөвлөж байгаа тухайгаа сайд хэлж байв. Салбарын сайдыг иргэний нийгмийн байгууллагуудын удирдлагууд сайдыг ажлаа энэхүү уулзалтаар эхэлсэнд талархал илэрхийлээд улирал бүр зохион байгуулах саналыг тавьж байв.
Уулзалтын төгсгөлд сайд Д.Ганхуяг “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэхийг Засгийн газар ажил хэрэг болгоно. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын дунд уралдаант шалгаруулалт явуулж шалгарсан байгууллага нь шаардлагатай техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, төсөл хэрэгжүүлдэг байхаар бодитойгоор хамтарч ажиллана. Мөн салбарын хууль эрх зүйн баримт бичгүүдэд саналыг заавал тусгах шаардлагатай” гэдгийг онцолсон юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )