УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тодруулга авах хүсэлтэй байгаагаа хэвлэлээр дамжуулан уламжлав. Тодруулбал энэ оны нэгдүгээр сард шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж шатахууны үнэ өсгөсөн нь тогтоогдсон билээ. Тэр үед улсын байцаагч нар хяналт хийж, хууль зөрчсөн буруутай аж ахуйн нэгжүүдэд 17 тэрбум төгрөгийн торгууль тавьсан юм. Тэгвэл энэхүү торгуулийг Засгийн газраас хууль бусаар томилогдсон гэж яригдах болсон "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар"-ын дарга Б.Лхагва хүчингүй болгосон юм. Түүнд хариуцлага тооцсон эсэхийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдаас тодруулж байгаа юм.
Тэрбээр өмнө нь энэ талаар зургаан удаа асуулга тавьсан ч Захиргааны хэргийн шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариулт авч байжээ. Түүний хувьд шүүхээр явах нь үр дүнгүй гэж үзсэн тул Ерөнхий сайдад хандаж байгаа нь энэ гэнэ. Хэрвээ тэрбээр шатахуун импортлогчдоос 17тэрбум төгрөгийг “салгаж” чадвал улсдаа 35 цэцэрлэг шинээр барихад анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаагаа хэллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )