Шадар сайд Д.Тэрбишдагва Нийслэлийн онцгой байдлын газар, Аврах 10 дугаар анги, Онцгой байдлын ерөнхий газрын ажилтай танилцлаа.
Дуудлага ихтэй үед аврах ажилчин, тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байгааг тус газрын удирдлагууд хэлсэн юм. Түүнчлэн нийслэл 700 гаруй иргэнтэй байхад тусламж үйлчилгээ үзүүлж байсан Онцгой байдлын ажилчид одоо 1.3 сая иргэний аюулгүй байдлын төлөө зүтгэж буй талаараа хэлэв. Тиймээс Нийслэлийн онцгой байдлын газрын орон тоог нэмэх хэрэгтэй байгааг Шадар сайдад дуулгасан.
Нийслэлийн онцгой байдлын газрын ажилчид энэ зун үер уснаас хүн аврах бэлтгэлээ Оросын Байгаль нуурт тус улсын мэргэжилтнүүдтэй хамтран бэлтгэлээ хийжээ. Мөн аврах багийн ажилчид орчин үеийн тоног төхөөрөмжийг хэрхэн эзэмших талаар Солонгос улсад сургалтад суусан байна.
Дээрх уулзалтын үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва "Хүнд нөхцөлд ажилладаг аврагчид ажлын багаж хэрэгсэл, амьдрах орон байраар дутмаг байгаа ч гадаадад мэргэжлээ дээшлүүлж байгаад олзуурхаж байна. Нийслэлийн онцгой байдлын газрын нийт ажилчдын дөнгөж 10 хувь нь орон сууцтай байгааг Засгийн газарт уламжлахаа мэдэгдлээ. Тэрээр мөн орон нутагт онцгой байдалд ашиглах тоног төхөөрөмжийг шинэчлэхэд анхаарна гэдгээ онцолсон юм.
Шадар сайд Нийслэлийн онцгой байдлын газарт иргэд ихэвчлэн ямар асуудлаар хандаж байгааг сонирхлоо.
Аврах 10 дугаар ангид хандсан дуудлагын ихэнхийг авто тээвэр, үер усны ослын дуудлага эзэлж байна. Мөн сүүлийн үед хүмүүс ахуйн хэрэглээндээ газыг ихээр ашиглаж байгаагаас үүдэн түймрийн дуудлага өсч байгааг Гал унтраах ангийн ажилчид хэлсэн юм.
Энэ төрлийн дуудлага Онцгой байдлын газарт ирж буй дуудлагын тал хувийг эзэлж байгаа аж. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас албан байгууллага, айлуудад газыг хэрхэн ашиглаж байгаад шалгалт хийж, зөвлөгөө өгдөг байна. Иргэд газыг зохих зааврын дагуу хэрэглээгүйгээс гал гарах нь ихэсч байгаа гэнэ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )