Дөнгөж сая Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцлээ. Тодруулбал Шүүхийн Ерөнхий зөвлөлийг УИХ, ЗГ, шүүх байгууллага, Ерөнхийлөгчийн төлөөллөөс бүрдүүлдэг байсан юм. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг шүүгчдийн төлөөллөөс оруулж, даргыг нь Ерөнхийлөгч томилдог байх хуулийн төслийг УИХ-аар баталсан. Харин Ерөнхийлөгч уг хуулийн энэхүү хэсэгт хориг тавьсныг УИХ-аар хэлэлцэх эсэхийг өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хуралдаж хэлэлцэв. Энэ үеэр УИХын гишүүн О.Баасанхүү болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар асуулт асуусан.
Улмаар Р.Гончигдорж, О.Баасанхүү, Л.Цог, З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан, С.Баярцогт, Х.Тэмүүжин нар саналаа хэлсэн. Тэд Ерөнхийлөгчийн хоригийг агуулгаар нь дэмжсэн ч, анхаарах хэд хэдэн зүйл байгааг онцолж байлаа. Тухайлбал Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Шүүхийн Ерөнхий зөвлөл нь орон тооны бус, хэдэн том толгойтой шүүгч нар байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч ШЕЗ-ийн гишүүдийг орон тооны болгож, шүүгч бус хуульч нараас бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр ШЕЗ бие даасан хараат бус байна гэдгийг хэлэв. Улмаар энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Үүний дараагаар Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв.
Сүүлийн үед Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байгаатай холбоотойгоор зарим суманд хүн амын төвлөрлийн улмаас иргэний хэрэг ихээхэн гарах болсон. Тиймээс Баян-Овоо, Ханбогд, Цогтцэций сумдад гарсан хэргийг шийдвэрлэх шаардлагаар Ханбогдод сум дундын шүүх, прокурорын газар байгуулах нь зүйтэй гэсэн хуулийн төслийг Хууль зүйн сайд гаргасан байна. Энэхүү хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжсэн юм.
Дээрх асуудлуудыг УИХ-ын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд Өмнөговь аймагт хэзээ шүүх, прокурор байгуулахыг хэлэлцэх боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )