Х.Болорчулуун ЖДҮ-ийг хөгжүүлэх дэд хорооны дарга боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд 11 гишүүн оролцсон бөгөөд ес нь түүнийг тус дэд хорооны даргаар сонгохыг дэмжсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун гишүүн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан харьяалагдах хүсэлтэй байгаа. Хувийн хэвшилд олон жил ажилласан, үйлдвэрлэлийг яаж хөгжүүлбэл хамгийн оновчтой вэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүнийх нь хувьд дэд хорооны бүрэлдэхүүнд багтаачихмаар байдаг. Боломж байна уу, наймаас дээш гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дэд хороо ажиллаж болох уу” хэмээн тодруулга авлаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “МАН-ын гишүүд аль байнгын хороонд харьяалагдах хүсэлтэйгээ албан ёсоор илэрхийлээгүй байгаа. Энэ асуудал заавал чуулганаар хэлэлцэгдэж батлагдах ёстой тул шууд байнгын хорооны төвшинд асуудлыг шийдэх боломжгүй” гэсэн юм.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь ажлын хэсгийн ахлагч нарыг сонгох тухай байв. Тухайлбал, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах бүхий ажлын хэсгийн ахлагчаар тус байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг, Хадгаламж даатгалын тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслийг боловсруулах бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг сонгох нь зөв гэж тус бүр үзлээ. Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр тус байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top