Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган болохтой холбоотойгоор өнөөдөр зургаан байнгын хороо хуралдаж байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх талаар болон Ядуурлыг бууруулах Мянганы хөгжлийн зорилтын дэд хорооны даргыг сонгох талаар хуралдлаа. Улмаар УИХ-ын гишүүн Г.Уянгыг дэд хорооны даргаар сонгож, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд, аймаг, сум, нийслэлийн Нийгмийн даатгал, Халамжийн газрын даргыг тухайн төв байгууллагын удирдлага нь сонгодог байхаар зааж өгчээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж байж дээрх газруудын дарга нарыг томилдог байна. Энэ нь Нийгмийн даатгалын газар, Халамж үйлчилгээний газар нь улстөрөөс хараат байх, тэр дундаа Засаг даргад ойр хүмүүс томилогдох магадлалыг өндөрсгөдгийн дээр эдгээр газруудын сангийн мөнгийг зориулалтын бусаар ашиглах, хөрөнгө мөнгө шамшигдах зэрэг сөрөг үр дагавар дагуулж буй аж. Нөгөө талаас Засаг дарга томилгоонд оролцдогоос Нийгмийн даатгал, Халамжийн газруудад мэргэжлийн хүмүүс ажиллаж чаддаггүй, олон улсын байгууллагын шугамаар асар олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг ч түүнийг нь иргэд хүртэж чаддаггүй. Зөвхөн Засаг даргад ойрхон цөөн хүрээллийн хүмүүс түүнд нь хамрагддаг зэрэг олон сөрөг үр дагавар дагуулж байгаа юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Өмч хөрөнгө шамшигдуулсан, олон улсын төсөл хөтөлбөрийг зөвхөн өөрийн талын хүндээ өгсөн, “идсэн” зэрэг Нийгмийн даатгалын болон, Халамжийн байгууллагын холбогдох албан тушаалтанд хариуцлага яагаад тооцож болохгүй байна вэ” гэж лавлав. Энэ асуултад Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хариуцлага тооцох боломж Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Хөдөлмөр, халамжийн газрын даргад тус бүр байдаггүй. Хариуцлага тооцох боломж зөвхөн томилсон Засаг даргад байдаг ч түүнийгээ биелүүлдэггүй учраас энэхүү нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн даатгал, Халамжийн газрын даргыг шууд босоо удирдлагаар сонгодог болох тогтолцоонд шилжүүлэхээс өөр аргагүй байгаа” гэсэн юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Нийгмийн даатгалын тогтолцоог иж бүрнээр шинэчлэх шаардлага бий. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ” гэдгийг тодрууллаа. Сайд С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын тогтолцоог иж бүрэн шинэчлэх шаардлага байна гэсэн таны саналыг дэмжиж байна. Эрх зүйн орчин нь бүрдээгүй цагт шинэчлэлийн асуудлыг ярих боломжгүй. Тэр дундаа Тэтгэврийн даатгалыг иж бүрэн шинэчлэх шаардлагатай. Тэтгэврийн нэрийн дансыг бичилтээр хийж байна. Уг нь 2012 он гэхэд нэрийн дансны хуримтлалыг 100 хувь мөнгөжүүлнэ гэж төр зорилго тавьсан ч 50 хувьд ч хүрээгүй. Энэ чиглэлээр хийх ажил асар их байна” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас ядуурлыг бууруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамаар дамжуулан иргэдэд хүнсний талон олгох тухай хөтөлбөр аж. Тус яамнаас гаргасан дүн мэдээгээр 600 мянган иргэнийг уг хүнсний талонд хамруулсан гэдэг байна. Нэг хүнд 15 мянган төгрөгөөр тооцон талон олгосон байдаг, гэвч энэ талын ойлголт иргэдэд байдаггүй. Төсөл хөтөлбөр үнэхээр хүндээ хүрсэн бол иргэд мэдэх ёстой, харамсалтай нь хорооны Засаг дарга, сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга нар энэ бүхэнд хутгалдаж жинхэнэ хүндээ хүрдэггүй, танил тал харсан хөтөлбөр болж цалгардсан тухай ч асуудал хөндөгдлөө. Ингээд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдүүлэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )