УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 29

 

Хуульч гишүүний хувьд О.Баасанхүү нэгэн зүйлд маш ихээр эмзэглэдэг ажээ. Тэрбээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулахыг хүсдэг байна. Гэхдээ түүний энэ мөрөөдөл биелэхэд цаг, боломж бололцоо ихээхэн шаардлагатай тул тэрбээр эхний ээлжинд тус хуулийн 79.3 болон 111-р зүйлийг  өөрчлөх сонирхолтой болж байгаа гэнэ.

Сэтгүүлчдийг голлон 111-р зүйлийн 2-р заалтаар ялладаг практик байдаг. Тэгвэл О.Баасанхүү тус хуулийн 1-р заалтаар ядаж ялладаг байгаасай гэж хүсч байгаа юм байна. Улмаар  тус хуулийн 111-р зүйлд хэд хэдэн өөрчлөлтийг оруулахаар болсноо мэдэгдлээ.  

Тодруулбал Эрүүгийн хуулийн 111.1-д "Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэснийг "Хүний нэр төр, алдар хүндийг санаатайгаар гутаах зорилгоор зохион байгуулалттайгаар үгсэн тохиролцож худал гүжирдлэг тараасан бол..." гэж өөрчлөх;

Мөн хуулийн 111.2-т "Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсвэл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ" гэж заасныг "Бусдын нэр төр, алдар хүндийг санаатайгаар гутаах зорилгоор үгсэн тохиролцсон этгээдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашигласны улмаас тухайн хүнд бодит гэм хор учирсан, эсвэл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ гэж өөрчлөх саналтай байгаагаа хэллээ.  

Одоо тэрбээр эдгээр өөрчлөлтийг ажил хэрэг болгохоор төлөвлөөд байгаа гэнэ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top