Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн 7 хоногт Төрийн өмчийн хорооны удирдлагуудтай уулзахдаа алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ажлыг сайжруулах санал боловсруулах, тухайн компаниудын удирдлагуудыг ажлаа танилцуулахыг үүрэг болгосон юм.
Энэ дагуу Төрийн өмчийн хороо болон тэрбумаар тоологдох төгрөгийн алдагдалтай байгаа “Багануур”, “Шивээ-Овоо”, “МИАТ” зэрэг компанийн захирлууд юунаас болж алдагдал хүлээдэг, ямар арга хэмжээ авбал алдагдалгүй ажиллах боломжтой талаар Ерөнхий сайдад танилцууллаа.
Уурхайн компаниудын захирлууд техник, тоног төхөөрөмж хуучирсан, нүүрсний үнийг нэмээгүйгээс алдагдал хүлээдэг гэсэн нийтлэг тайлбар тавьж байна. Тухайлбал “Багануур” хувьцаат компани гэхэд л одоо 20500 төгрөг байгаа нэг тонн нүүрсийг 22500 төгрөгөөр борлуулж байж алдагдалгүй ажиллана гэсэн судалгаа хийсэн. Хэрвээ үнэ нэмэхгүй бол алдагдалгүй ажиллах боломж бараг байхгүй гэж тайлбарлалаа.
Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээж авсангүй. “Төрийн өмчит компанийн захирлууд алдагдалгүй ажиллахын тулд нүүрсний үнэ нэмж, иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхээсээ өмнө өр, авлагаа барагдуулж, хэрэггүй зардлаа багасган, зөв менежмент хийх хэрэгтэй. Төрийн өмчийн хорооныхон тухайн хүнийг захирлаар томилохдоо ажлыг яаж сайжруулах, сайжруулаагүй бол ямар хариуцлага тооцохоо гэрээнд тусгадаггүй. Үүнээс болж хэн нэгний шахаасны хүн сонгуулиас сонгуулийн хооронд ажиллаж, өөртөө болон “өртэй” хүмүүстээ ашиг оруулдаг байж таарахгүй” гэлээ.
Харин “Багануур” компанийн төрийн өмчид байгаа 75 хувийг Хөрөнгийн биржээр зарж 60 тэрбум төгрөг босгох, энэ мөнгөөр техник, тоног төхөөрөмжөө сайжруулахыг зорьж байгааг зөв гарц гэж тэрээр хэллээ. Улаанбаатарын нүүрсний хэрэгцээний 70 хувийг хангадаг “Багануур” хувьцаат компанийн эзэмшлийн газрыг “Алтай гянт” компани өөрийн болгож сүүлийн 5 жил ашиг олж байгаад Ерөнхий сайд бухимдаж байлаа. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, 500 орчим сая тонн нүүрсний нөөц бүхий газрыг “Багануур” хувьцаат компанийн тухайн үеийн удирдлага бусадтай хуйвалдан хувийн компанид шилжүүлсэн байж магадгүй гэж тэрээр үзэж байна.
Хувийн компани бусдын газраас ашиг олж болоод байхад төрийн өмчит компани эзэнгүйдэж, алдагдалтай ажилладаг, тэр байтугай өрөндөө баригдан, газраа алдчихсан байж таарахгүй. Төрийн өмчийн хороо, тухайн компанийн захирлууд асуудлын хойноос хөөцөлдөн шийдүүлж чаддаггүй, хий хоосон тайлбар хэлээд сууж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг буруутгалаа.
“Шивээ-Овоо” компани мөн л “Шинэ шивээ” компанитай газрын маргаан үүсгээд байна. Энэ асуудлыг шүүхээр шийдүүлж газраа буцааж авахыг үүрэг болголоо. “Шивээ-Овоо” компани өнгөрсөн жил 2.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Гэхдээ “Нүүрс хатаах үйлдвэр, конвейрийн тээврийн иж бүрдэл” төсөл хэрэгжүүлснээр алдагдлаа багасгах боломж бүрдсэн байна. Цаашид холбогдох яам, агентлаг, уурхайн удирдлагаас бүрдсэн ажлын хэсэг гарган төрийн өмчит компаниудыг хэрхэн алдагдалгүй ажиллуулах, үүний тулд ойрын болон дунд, урт хугацаанд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодотгохоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг шийдлээ.
Мөн хуралдааны үеэр “МИАТ”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Хөтөлийн“Цемент-Шохой” компанийн ажлын талаархи мэдээлэлтэй танилцлаа. “МИАТ” компанийн хувьд 1999 оноос хойш Европын чиглэл буюу Москва-Берлиний аялалаас 53 тэрбум төгрөг, орон нутгийн аялалд 1993-2008 онд 23 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тухай гүйцэтгэх захирал Ц.Орхон хэллээ. Нийт алдагдлын 30 хувь нь өндөр үнээр шатахуун авдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл гадаад зах зээлд тонн шатахуун 1000 ам.доллар байхад “МИАТ” компани 1500 ам.доллараар авч байгааг зохицуулах шаардлагатай болоод байна.
Гэхдээ ОХУ-ын “Аэрофлот” болон Бүгд Найрамдах Турк Улсын авиа компанитай хамтран ажиллаж Европын чиглэлийн алдагдлаа тодорхой хэмжээгээр багасгахаар болсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үнэллээ. Тус компани 200 сая ам.доллараар гурван онгоц авахаар гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг нь өгсөн. Үлдэх хэсгийг дотоод, гадаадын банкнаас зээл авч төлөхөөр төлөвлөжээ. Хэрвээ санхүүжилт шийдэгдвэл манай улс 10 жилийн дараа өндөр үнээр гадны онгоц түрээслэхээ больж, өөрийн гэсэн онгоцтой, улмаар жилдээ 2 сая ам.долларын ашигтай ажиллах боломжтой юм байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани 2004 оноос ашигтай ажиллаж байсан хэдий ч 2009 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын улмаас хаалгаа барьж байсан. Харин одоо Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уулын төмрийн ордыг ашиглалтад оруулах, “Уул уурхай-хар төмөрлөгийн цогцолбор” байгуулах чиглэлээр багагүй ажил хийж байна. Ямар ч байсан тус компани энэ жил 7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах төлөвтэй байгаагаа танилцууллаа.
Хөтөлийн “Цемент-Шохой” компани хөрөнгө оруулалт хийснээр өмнө нь жилд 270 мянган тонн цемент үйлдвэрлэж байсан бол ирэх оны 7 дугаар сараас 1 сая тонныг гаргах боломжтой болох нь. Энэ нь их бүтээн байгуулалт өрнөж байгаа үед цементийн хэрэгцээний нэлээдгүй хувийг дотоодоос хангана гэсэн үг юм.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, Хөтөлийн “Цемент-Шохой” компанид хувийн хэвшлийнхэн 75 хүртэл тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр ашгийн тооцоог нягтлахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхааруулж, хувийн хэвшлийнхэн төрийн компаниудад хөрөнгө оруулж, хэсэг хугацааны дараа өөрийн болгодог гэсэн буруу ойлголт олон нийтэд байдгийг сануулав. 2011 оны байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 91 компанийн 57 нь ашигтай, 34 нь алдагдалтай ажилласан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба
Сэтгэгдэл ( 0 )