Төр, засгийн тэргүүнүүд уулзалтын нээлтэд оролцож, дурсгалын зураг татуулсныхаа дараа тус хөдөлгөөний гүйцэтгэж буй үүрэг, өөрсдийн нь орны оролцоо, баримталж буй байр суурь, том гүрнүүдийн бодлогын талаар үг хэлж ерөнхий хуралдааныг эхлүүлэв. Энэ өдөр ерөнхий хуралдаанд хорь гаруй улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ерөнхий хуралдаанд үг хэлэхдээ “21 дүгээр зуунд ЭҮНХ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үзэл санаа, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, дэлхий нийтийн тэгш хөгжил дэвшлийг хангахын төлөө идэвхтэй тэмцэгч хүчин байх учиртай гэсэн байр суурийг Монгол Улс дэмждэг” хэмээн онцлон тэмдэглэв.
Мөн өнгөрсөн жил Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай үүргийг хүлээн авсан бөгөөд ардчиллын боловсролыг хөгжүүлэх зорилтыг эн тэргүүнд дэвшүүлэн ажиллаж байгаагаа Ерөнхийлөгч дурдаад бүх төр, засгийн тэргүүн нарт хандан өөр хоорондын харилцаандаа эвлэрлийн зарчмыг баримтлахыг уриаллаа.
Ерөнхийлөгч хуралдааны үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Египетийн Ерөнхийлөгч Мохамед Морси, Катарын Эмир Хамад бин Халифа, Иракийн Ерөнхий сайд Ноури ал-Малики, Ливийн Ерөнхийлөгч Абдел-Рахим ал-Кииб, Тунисын Ерөнхийлөгч Монсеф Марзоуки нартай уулзаж, хоёр талын болон олон талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцан санал солилцов.
Сэтгэгдэл ( 0 )