Өчигдөр ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай маргалдаж нударга зөрүүлсэн. Энэ хэргийн улмаас Г.Баярсайхан У.Хүрэлсүхийг Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1-т зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн хэргээр эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
Хэрвээ У.Хүрэлсүхийн гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсвэл 3-6 сараар баривчлах, цаашлаад гурван жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх аж.
Энэ талаар тодруулахаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх рүү утас цохьсон боловч авахгүй, хэд хэдэн удаа таслав. Улмаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай холбогдов.
- Таны биеийн байдал ямар байна вэ?
- Яахав ээ. эмнэлэгт үзүүлсэн.
- Шүүх эмнэлэгт үзүүлсэн юм уу? Эсвэл хувийн эмнэлэгт үзүүлсэн юм уу?
- Шүүх эмнэлэгт
- Эмнэлэгийн дүгнэлт гарсан болов уу?
-Өмгөөлөгч энэ хэрэг дээр ажиллана.
- Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж байсан. Үнэн үү?
- Энэ хэрэг дээр манай өмгөөлөгч ажиллаж байгаа. Түүнээс тодруулсан нь дээр гэв.
Парламентын гишүүд анх удаа шахам нударга зөрүүлсэн нь энэ бөгөөд ёс зүйн хариуцлага хүлээлгэх төлөвтэй байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан шүүх, цагдаагаар явах сонирхолгүй байгаа ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сүрийг үзүүлэхээр төлөвлөөд байгаа гэх "бор шувуу" ордонд яригдаж байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )