Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд мөнгөн дэмжлэг үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын нийслэлийн Салбар зөвлөл хуралдлаа. Салбар зөвлөлийг НИТХ-ын дарга Д.Баттулга удирддаг. Энэ хуралдаанаар ирэх сарын 10-нд болох Улс төрийн  хилс хэрэгт хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдрийн ажлын төлөвлөгөөг батлав.

Мөн төв комиссоос шийдвэр гаргуулахаар салбар  зөвлөлд  ирүүлсэн хэлмэгдэгсдийн ар гэр болох С.Жаргалсайхан, н.Доржсүрэн, Н.Цэвэлмаа нарын өргөдлийг хэлэлцээд тэдэнд төрөөс хуулийн дагуу үзүүлэх тусламжийг олгох тухай тогтоолыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст явуулахаар боллоо.

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд орон сууцны дэмжлэг үзүүлэх буюу мөнгөн тусламж үзүүлдэг хууль байдаг байна. Өргөдөл гаргасан хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн ихэвчлэн өндөр нас насалсан  байдаг. Орон сууцны дараалалд орвол хүлээж чадахгүй байдалд хүрдэг тул мөнгөн тусламж авах хүсэлт давхар гаргадаг аж. Хэлмэгдэгсдийн эхнэр /нөхөр/-т үр хүүхдэд  орон сууц олгоогүй тохиолдолд нэг удаа 30 сая төгрөгийн мөнгөн туслаж үзүүлэх хуультай. Салбар зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үндэслэн төв комисс улсын төсвөөс олгодог. Салбар зөвлөлийн хуралд гишүүн Ш.Төмөрбаатар /нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга/:

1922 оны 8-р сарын 30-нд Д.Бодоо, 1924 оны 8-р сарын 30-нд С.Данзан нарыг буудан хороосон байдаг. Тэгэхээр 8-р сарын 30-ыг хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдөр болгоё. 2008 оны 7-р сарын 1-нд буудуулж амь алдсан таван залуугийн гэгээн дурсгалд зориулсан хөшөө босгох газрын зөвшөөрлийг “төв цэцэрлэг”-т хүссэн. Түүнийг шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн санал гаргалаа. Саналыг жичид нь авч үзэж шийдвэрлэх хэрэгтэй гэж хуралд оролцсон салбар зөвлөлийн гишүүд үзэв.

НЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top