Өнөөдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзлаа. Тэрээр, УИХ-ын сонгуулийн Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын тангараг өргөх бололцоог олгох ёстой хэмээн шаардлага хүргүүлэв. УИХ-ын сонгуулийн Өвөрхангай аймаг дахь 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн үеэр сонгогчдод архи, бэлэн мөнгө зэргийг тарааж хууль бус үйлдэл хийсэн хэмээн АН-аас гомдол мэдүүлэн шалгагдсан бөгөөд шүүхийн шийдвэр нэр дэвшигчдийн талд гарсан. Учир нь МАН-аас нэр дэвшигчид нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар эл маргаан тэдний талд гарсан юм. Тиймээс МАН-ынхан хоёр гишүүнийхээ УИХ-ын тангаргыг өргүүлэх шаардлага байна хэмээн үзэж, ийнхүү Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудад хандаж буй аж. Шаардлага авсан СЕХ-ны удирдлагууд “Энэ асуудлыг хурлаараа нягтлан хэлэлцэнэ. УИХ-ын 76 гишүүний тангаргыг бүгдийг өргүүлэх талд ажиллах үүрэг бидэнд бий” хэмээн тайлбар хийсэн юм.
Харин дээрх үйл явдлын дараа Иргэний хөдөлгөөний нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намуудын удирдлагууд Сонгуулийн ерөнхий хорооныхонтой мөн уулзжээ. Тэрээр УИХ, НИТХ-ын сонгуулийн саналын дүнг нэгтгэсэн тайланг үзүүлэх ёстой гэжээ. Түүнчлэн хэлэхдээ “тойргуудын гарсан, саналын хуудасны маргааныг нягтлахын тулд асуулт асуухаар тоймтой хариулт өгөхгүй байгаа шүү” гэж байв. Мөн тэд орон нутгийн сонгуулийг зохион байгуулахдаа бэлтгэлийг маш сайн хангахгүй бол будилаан гарах магадлалтай байна хэмээн анхааруулж байв.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )