Орон нутгийн сонгуулийн тухай хуулийнх төслийн талаарх таны бодол?
-Би сайд байхдаа энэ хуулийг батлуулж байсан юм. Одоо хүртэл хүчинтэй байгаа. Аливаа сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэсэн хатуу заалт бий. Гэтэл одоогийн энэ эрх барьж байгаа хүмүүс яг нарийндаа бол Монголын төрийг хуульгүй болгож байна. Нийслэлийн сонгуулийн хуулийг бараг хоёрхон өдрийн дотор санал хураалтаар баталж хаяад баахан будлиан хутгасан. Харин одоо дахиад хууль дүрэм зөрчиж, Орон нутгийн сонгуулийг хүчээр хийх гэж оролдож байна шүү дээ. Энэ 42 хүн Монголд хүчирхийлэл бий болгож эхэллээ. Ингэж болохгүй баймаар.
- Шинэ засагт гаднаас хоёр гишүүн орсон болохоор уу?
- Эд нар өөрсдөө хуулийн зүйл заалтыг халаасандаа хийж ороод засаг бариад сайд царайлчихаад явж л байсан биз дээ, саяхныг хүртэл. Энэ их хурал гэдэг чинь зөвшилцлийн байгууллага. Тэр тусмаа даргын суудлаар бие биедээ тал зассаар байгаад бүр “Дарга их хурал” боллоо. “Аливаа сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй” гэсэн УИХ-ын шийдвэр нь хэвээрээ байхад тэрийг эс тоож, янз бүрийн юм яриад уналаа. Өнгөрсөн жил баталсан Сонгуулийн хууль чинь хөлөөрөө төрчихсөн хүүхэдтэй адил шүү дээ.
- Яагаад?
- Уг нь хүүхэд эхлээд толгойгоороо төрдөг байх аа. Яагаад энэ хуулийг хөлөөрөө төрсөн хүүхэдтэй адилтгаж байгаа юм бэ гэвэл, эхэлж эд нар ямар ч хуулийн сураг байхгүй үед 24 тэрбум төгрөг төсөвт суулгаж баталсан. Дараа нь автомат машины хууль гаргасан даруйдаа сонгуулийн хуулиа баталсан шүү дээ. Ерөөсөө энэ Монгол чинь бараг сонгуульгүй болчихлоо. Автомат машиныг тойрсон маргаан одоо хүртэл тасраагүй. Өөрсдөө л “Сайхан, шударга сонгууль боллоо” гээд байгаа болохоос биш тэр автомат машины дүнг нүдээрээ үзэж, баталгаажуулах гарцаагүй шаардлага бий. Үнэн худал эсэхийг нь нягталж байж хэрэглэх ёстой байсан юм. Анх Америкаас энэ автомат машин гээчийг чинь оруулж ирээд туршиж байсан. Түүний дараа “Үндэсний шуудан” сонин дээр “Энэ автомат машин чинь Америкийн бүх шатны сонгуульд луйвар хийсэн эд байна” гэж баримт нотолгоотой нь бичсэн байдаг. Би тэр үед Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд тус бүрт нь хувилж тараасан л даа. “Энэ ер нь юу хийх гээд байна. Жаахан анхааралтай хандахгүй бол болохгүй нь” гэж тэр. Тэгээд хууль батлагдсаны дараа төрийн өмнө үүрэг хүлээсэн тусгай албанаас энэ машины талаар судалгаа хийж, буруу зөрүү дүнг үзүүлдэг болохыг нь хоёр гурван удаа танилцуулга оруулсан. Гэвч авч хэлэлцээгүй.
- Та зүгээр байгаагүй л байх?
- Би сүүлд нь бүр арга ядаад “Улс төрийн энэ балмад үйл ажиллагаанд чинь би оролцохгүй. Та нарын гаргаж байгаа энэ хууль чинь эцсийн дүндээ Монголыг сонгуульгүй болгоно шүү. Аль нэгэн улсын тусгай албанд зайнаас удирдаад сонгуулийн дүнг гаргах аюулд хүргэж мэднэ. Заавал гаргах гээд байгаа юм бол гараар баталгаажуулж, давхар шалгаарай. Тэгэхгүй бол наадах чинь сонгуулийн мөнхийн будлианаас салахгүй” гэж хэлж байсан. СЕХ-ны нарийн бичгийн дарга Содномцэрэн “Хүн луйвар хийдэг, харин машин луйвар хийдэггүй юм байна гэдгийг баталлаа” гээд УИХ-ын сонгуулийн албан ёсны дүнг танилцуулахдаа хэлсэн. Н.Энхбаяр юу ярьж байсныг та нар мартаагүй биз. “Би 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаагүй. МАН-ын удирдлага АН-тай буюу Ц.Элбэгдоржтой нийлж байгаад ард түмний сонгуулийн дүнг луйвардчихсан” гэдэг байх аа. Тэгтэл энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг СЕХ-ны дарга нь хийчихлээ шүү дээ. Хүн луйвар хийдэг гэж хэлсэн болохоор Н.Энхбаярын үг зөв болж таарч байна. Ийм л улс төрийн будлиан хутгасан улс.
- Харин одоо?
- Одоо нэг л их сайхан шударга царайлчихаад “Мундаг засагтай боллоо, аймаар их ажил хийж байна” гээд дахиад л ард түмний тархийг угааж эхэллээ, эд нар. Хуучин бол нэг удаа 50 суудалтай байхад Ардчилсан нам засаг байгуулж байсан. Бусад бүх тохиолдолд 60-аас дээш суудалтай нам, эвсэл засаг байгуулж байсан түүхтэй. 1992 онд 72, 1996 онд 50, 2000 онд 70, 2004 онд АН, Ардын нам хоёр нийлээд 72 хүнтэй эвслийн Засгийн газар байгуулж байсан. 2008 онд дахин 72 хүнтэй засаг байгуулж, түүнээс 14 нь сайд болсон. Бусад нь сайдгүйгээр их хурлаа хийж болдог байсан байхгүй юу. Гэтэл одоо 42 суудалтай байгаа улсууд бүгд дарга боллоо. Хамгийн хөгийн юм нь гэвэл, хэн нэгэн тэднийг шүүмжилбэл албан тушаалаар хахууль өгч байна. Монголын төр ийм заваан болно гэж ёстой зүүдэлсэн ч үгүй явлаа. Үүрэндээ овоороод хоол булаацалдаж байгаа шоргоолжнууд шиг байна шүү дээ, манай улстөрчид. Бүгд л албан тушаалын төлөө үхэн хатан зүтгэж байгаа. 42 хүнээс 41 нь дарга болсон гэхээр юу бодох ёстой вэ. Олонх гэж өөрсдийгөө цоллоод байгаа улсууд энэ улс төрийн байдлаа эргэж нэг харах хэрэгтэй.
- АН жүжиг тавьж байна гэх гээд байнаа даа?
- МАН-ыг бүлэггүй гэж боомилж байгаа жүжгээ зогсоох нь дээр. Бүлэг гэдэг юмыг чинь тэр Энхболд байтугай их хурал ч байгуулдаг юм биш. Сонгогчид байгуулдаг юм. Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлд “Сонгуулийн үр дүнгээр бүлэг байгуулах эрхтэй болсон нам, эвслээс их хурлын даргыг сонгоно” гээд заачихсан байдаг. Мөн их хурлын хуулийн 26-ийн дөрөвт бүлгийг татан буулгах хоёрхон тохиолдлыг заасан. Нам тарсан болон намыг тараасан тохиолдолд бүлэг татан буугддаг. Аль нь ч болоогүй л байхгүй юу. Эд нар 24 цагаас шалтаглаж олон юм ярьж байна. Тэгж яривал УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдоод прокурор санал оруулж ирсэн тохиолдолд 48 цагийн дотор асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт бий. Их хурлын нэр бүхий гишүүдийн дээр ярьсан асуудлын талаар прокурор гурав дөрвөн удаа санал оруулж ирэхэд АН завсарлага авах нэрийдлээр тэр 48 цагийг алга болгосон. Нөхцөл байдал адилхан л харагдаж байна. Энэ засаг тогтвортой ажиллах бааз суурь нь МАН байж таарна шүү гэдгийг шударгаар хэлье.
-Сонгуулийн будлиан, албан тушаалын хахууль хэтэрсэн юм бол төр барина гээд байгаа МАН-д энэ байдал үүсэхгүй байж болох уу?
-АН-ынхан энэ хэдэн эвслүүдтэйгээ албан тушаалын төлөөх дайнаас болж муудалцаад нэг л өдөр задрахад бэлэн байгаа шүү дээ. Чечений алан хядагчид шиг цээжиндээ тэсрэх бөмбөг тэвэрсэн Засгийн газар гээд хэлчихсэн ч буруудахгүй биз. МАХН-ынхан Энхсайхантай тэр албан тушаал булаацалдаад сая юу болсон гэж бодож байна, та нар. Завсарлага аваад гараад ирэхэд гишүүд хоорондоо заамдалцаад, бие биеэ цохиж нүдсэн нь ч цаанаа их учиртай. Тэр дөрвөн сайдаа оруулаагүй биз дээ. Албан тушаал булаацалдаад би чи дээрээ тулаад алалцах гээд зогсч байсан нь тэр байхгүй юу. Дандаа ард түмнийг хуурч, хуулийг гууль болгож байдаг энэ балиар зуршлаасаа АН хэзээ салах юм бэ. Төр тогтвортой байх ганц зүйл нь хуулийг баримтлах явдал. Бурхан багш байхгүй, коммунизм ч байхгүй ийм үед одоо бүр үндсэн хуулиа гишгэж байна шүү дээ, эд нар. Монгол орон цаашид яаж хөгжих вэ. МАХН-ыг шүүх бүртгэснээс хойш Монгол орон хуульгүй болсонд тооцож болохоор. Хэн дуртайгаа хэлмэгдүүлж, цагдаагийн албан хаагч цэргийн гэмт хэргийн субьект биш байхад ял өгчихдөг. Улс төрийн намын хуулийн 15-ын зургаад “Нам нэрээ сольсон байхад түүнийг өөр иргэн, хуулийн этгээд хэрэглэж болохгүй” гэсэн заалт бий. Тэрийг зөрчөөд л МАХН гэгчийг бүртгэж л байдаг. Аль нэг нь олонх болоогүй бол их хурлын даргыг зөвшилцөж байж томилдог хуулийн заалт ч бий. Яагаад гэвэл, тэр хүн чинь бас цөөнхийн дарга болох ёстой учраас тэр.
-УИХ-ын даргын талаар?
- Одоо энэ З.Энхболд гэдэг хүн чинь АН-ын зодуурын хэрэгсэл болоод хувирчихлаа шүү дээ. Их хурлын дарга бол энэ олон нам, эвсэл, бүлэг хоорондын эв зүйг зохицуулж байдаг зохицуулагчийн үүрэгтэй албан тушаал. Өөрөөр хэлбэл, эвийн цавуу шиг байх ёстой. Намайг их хурлын дарга байхад манай хэдэн нөхөд АН-ынхантай хөгийн хэрүүл хийсэн юмдаг. Тэгэхээр нь би АН-ын бүлэг дээр ороод “Одоо та нар больчих” гээд уучлалт гуйгаад сууж байсан шүү дээ. Их хурал тогтвортой байвал төр нь өөрөө тогтвортой байдаг. Энэ төрийг тогтворгүй байлгах бүх өдөөн хатгалгыг З.Энхболд хийж байна. Улс орон, ард түмэн маань мөнх шүү дээ. Гэтэл мөнх бус албан тушаалд суучихаад төр үймүүлээд байж болохгүй. Энэ байдал удаан үргэлжилбэл төр төвөгтэй байдалд орно. Тэгэхээр эд нар одоо Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хүчээр батлах учраас би энд байх хэрэг байгаа ч юмуу, үгүй ч юмуу. Тэдэнд хууль огт хамаагүй. Сонгогч хуулиа мэдэж байж сонгууль өгөх ёстой. Тиймээс сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж болдоггүй юм. Ийм адал балмад хүчирхийллийг С.Дэмбэрэл ч бас хийж байсан. “Сонгуулийн хуулиа ойлгоогүй сонгогч яаж санал өгөх юм бэ. Та нар энэ Нийслэлийн сонгуулийн хуулийг баталж болохгүй” гэсээр байхад ер тоогоогүй.
- Өчигдөр болсон парламентийн түүхэн дэх анхны зодооны талаар?
-Тэд нар хоорондоо учраа олно биз. Би аль алинд нь хэлсэн шүү дээ. Г.Баярсайхантай ч уулзсан. “Эр хүмүүс байж хоорондоо учир зүйгээ олцгоо. Энэ чинь зохисгүй үйлдэл байна. Нэг нь заамдаж, нөгөө нь цохисон болохоор хоёулаа буруутна. Та нар хохирогчийн дүр эсгэж гонгинож гүйгээд байх хэрэггүй” гэж хэлсэн л дээ. Шүүхэд хандах дээрээ тулбал аль аль нь л хандана. Энэ хэрэг ёс зүйн хороогоор орж магадгүй.
- Бүлэг маргааны үндэс байсан...?
-МАН энэ асуудалд их тэвчээртэй хандаж байгаа шүү дээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан дээр тэр Г.Баярсайхан чинь өөрөө У.Хүрэлсүхийг “Шоронд байх ёстой хүн” гэж баахан доромжилсон юм байна лээ. Эд нар ер нь хүнийг шорон гянданд суулгадаг хэн юм бэ. Хүнтэй шорон гяндан ярьдаг газар чинь АТГ, цагдаа, шүүх, прокурор л байдаг шүү дээ. Энэ их хурал шүүгчийн үүрэг гүйцэтгээд их удлаа. 2008 оноос хойш л баахан шүүгч энд ороод ирчихсэн. Зарим нь бүр хонгио барьчихсан явж байгаа. Г.Баярсайхан танхай балмад юм ярьж, муухай доромжилсон болохоор л У.Хүрэлсүхэд цохиулсан юм билээ. Г.Баярсайханыг бас шоронд суух ёстой гэж өөр хүн хэлж болно шүү дээ. Парламентад өчнөөн маргаан гардаг л даа. Харин манай парламентийн түүхэнд УИХ-ын танхим дотор ийм ёс бус үйлдэл гарч байгаагүй. Энэ бол анхны тохиолдол, харамсалтай л байна. Ёс зүйн хороогоор ороод эв зүйгээ олох байлгүй дээ.
-МАН-ын бүлгийг намууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна шүү дээ. Тэгэхээр...
-Манай бүлгийг ард түмэн байгуулчихсан шүү дээ. Тэр үндсэн хуулийн 24 дүгээр зүйл гэж би бүр цээжээр хэлж байна. УИХ-ын ээлжит сонгуулиар бүлэг байгуулах эрх авсан нам, эвслээс их хурлын даргыг сонгоно гээд хуулинд заачихсан байгаа. Тэрийг л энэ З.Энхболд зөрчсөн байхгүй юу. Ийм хөгийн юманд би лав оролцохгүй. Манай шүүх байгууллага урьд нь балмад маягийн шинжтэй байсан бол, одоо бүр танхай шүүх болж хувирлаа. Дуртай үед хууль зөрчиж байдаг. Захиргааны хэргээс давж, эрүүгийн журмаар шалгагдах ёстой хэргийг иргэний журмаар шийдэх жишээтэй. Онцгой ажиллагааны журмаар тогтоодог 15 зүйл анги бий. Гэтэл иймэрхүү юмыг сонгуульд хэрэглэж байна. Монголын төр ийм балиар юманд хутгалдаад ялзарч дууслаа. Би олон жил хуулийн сайдын албан тушаалд хүлэгдээд зарим зүйлийг юм хэлж чаддаггүй байсан юм. 2003 онд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид захидал бичсэн удаатай. “Ийм шүүхтэй байсны оронд наадахаа татан буулгачихаач” гэж. Уг нь хуулийн сайдын амнаас гардаг яриа биш л дээ. Бүр арга ядаад бичсэн байхгүй юу. Харин нарийн яривал Монголын хууль хяналтын байгууллагууд дотор ном журмаараа ажиллаж байгаа ганц газар нь манай цагдаа юм шүү. Миний системд байсан хэдэн байгууллагыг би “Та нар монгол төрийн хууль зөрчвөл ажил албатай чинь хатуухан ярина шүү” гэж барьж явсан. Одоо ямархуу байдаг юм, бүү мэд. 2000 онд намайг хуулийн сайдын суудлыг авч байхад төрд эрүүгийнхэн гарчихсан байсан нь үнэн шүү дээ. Ардчиллын хэдэн улс ийм л юмаа надад хүлээлгэж өгсөн. Бүгдээрээ зодуулж нүдүүлэн, гүүрэн дээрээс дүүжлүүлээд, далан давхарт нүхээ ухаад уйлаад хэвтэж байсан хүмүүс ч одоо энэ дотор сууж байгаа. 1990-ээд оны тэртээ Оросын төрд мафийнхан гарч бужигнуулаад дараа нь зугтсан түүх бий. Яг тийм улс орныг эд нар надад хүлээлгэж өгсөн үе байдаг юм шүү. Миний ажигласнаар, одоо шүүхийг улс төрийн зорилгоор бүрмөсөн дампууруулаад дуусгалаа.
-Гишүүдийн өргөн барьж байгаа хуулийн төсөлд үндсэн хуулийг зөрчсөн асуудал олон байна гэлээ. Энэ тохиолдолд шийдвэр гаргах газар нь цэц биз дээ?
-Тийм ээ, үндсэн хуулийг зөрчсөн асуудалд шийдвэр гаргах газар нь цэц л дээ. Цэц хэр зэрэг зөв ажиллаж чадахыг би хэлж мэдэхгүй нь. Сая энэ их хурлын даргын томилгоо улайм цайм луйвар болсон. Ахмад нь хурал удирдана гэсэн хуулийг улан дороо гишгэж орхиод л эд нар хүнээ сонгочихлоо. Дараа энэ бүлгийг үгүйсгэсэн үйлдэл бол цэвэр үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг. Дэд даргыг сонгож өгөхгүй байгаа нь зөрчил. Тэгэхээр энэ бүхнийг шийдэх гэж бөөн маргаан болох байх. Өнөөдөр өөрсдийгөө олонх гэж нэрлээд байгаа 42 хүн төрийн ордон дотор танхайрал үүсгэж байна. Хүн барьж зодоогүй ч гэлээ, хууль зүйн үндэслэлийн хувьд цэвэр танхайрал. Бидний 25 хүн үүнийг хараад юу ч хийж чадахгүй суугаад байгаа юм биш. Бид нарын цаад талд 400 мянган сонгогч бий. Тэднийг бидэнтэй адил гишгэж чадахгүй шүү дээ. Яагаад ийм балмад үйлдэл хийгээд байгааг ер ойлгохгүй юм.
-Хуулиа мэддэг гишүүн цөөн юм шиг санагддаг. Миний анзаарсан нь зөв үү?
-Эд нарын дунд хууль бичихээ больё гэхэд уншдаг хүн цөөхөн дөө. Намайг орон дотроо хууль бичиж, хөнжилдөө засдаг гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн. Би 20 жил хууль бичиж байгаа хүн. Харин эд нар зүгээр л дэмий чалчдаг. Э.Бат-Үүлийн оруулж ирээд баталсан хууль гэж би лав сонсоогүй юм байна. 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг надаар бичүүлээд авч л байсандаг. Одоо бол баахан дарга нар л байна, ямар ч гүйцэтгэгч байхгүй. Тэнгэр харж суугаад л сайхан бичнэ. Тэрэн дотор нь “Ингэ ботголов” гэхийг “Тэмээ ботголов” гээд бичсэнтэй адил юм их байдаг. Тэгэхээр нь би зөв болгон бичээд өгөхөөр заслаа энэ тэр гэж ярьж байна. Ядаж энэ хууль дүрмээ мэддэггүй юмаа гэхэд хэлээд өгч байхад биелүүлж сурах хэрэгтэй. Энэ албан тушаал чинь мөнх биш шүү дээ. Дөрвөн жилийн дараа эдний дийлэнх нь лааз өшиглөнө. Их хурлын даргынх нь байж байгаа царайг хар. Энэ хол явахгүй ээ. Хэдэн сайд нь гадагшаа дотогшоо яваад их хурлынх нь ч ирц бүрдэхгүй. Цаашид яаж амьдрах гэж байгаа юм, бүү мэд. Царцаа шиг нэг үсрээд л тарж унах биз. Одоогийн энэ Засгийн газар жинхэнэ олигархжсан Засгийн Газар шүү дээ. Монголын бүх баячууд сайд боллоо. АН сонгуулиас хойш сайдын албан тушаалыг хэдэн эвсэлтэйгээ булаалдсаар байгаад таарсан. Тэгээд ч зогсохгүй, тендерийн нэг хэсгийг Тэрбишдагвад, нөгөө хэсгийг нь Улаанд өглөө. Төрийн өмчийн хороог Баттулгад өгчихөж байгаа юм. “Эсгий хийх газар нохой хэрэггүй” үг байдаг даа. Хүнсний яаманд төрийн өмчийн хороо ямар хэрэгтэй юм бэ. Цаад талд нь өнөөх заваан юмаа хийх гэж л ийм хуваарилалт хийж байгаа юм. Ямар мэдэхгүй биш. Эд нарыг ёстой дотортой, гадартай нь мэднэ ээ. Монголын толгой баячууд Засгийн Газрын бүрэлдэхүүнд найр хийгээд сууж байна. Улаанбаатарын махны хэрэгцээний 70 хувийг хангадаг хувийн компанийн эзэн энд бий. Өмнийн говиор өдөр шөнөгүй нүүрс зөөж байгаа хүн Батлан хамгаалахын сайдаар очсон гээд бод доо. Наад их хурал чинь өнөөдөр зүгээр л хэдэн баячуудын зугаагаа гаргадаг газар болж. Ийм балиар хууль, луйвардсан сонгуулиас болоод жирийн хүн их хуралд орж ирэх боломжгүй байна. Мөнгө хөрөнгөөр ил далдуур зодсоор байгаад энэ төрийг бузартуулчихлаа. Уг нь бузар байсан юм, одоо бүр хэрэггүй болсон.
- Шинэ засгийн газрын хэр урт настай бол?
-Би ийм бусармаг явдлуудыг хараад Ерөнхийлөгчид хэлж байсан удаатай. “Хайран төр минь ингэж бузартах гэж. Санаа минь их зовж байна. Амьд байхдаа ийм ч юм үзэх гэж дээ. Энэ засаг баячуудын зугаа гаргах газар боллоо. АН-ын фракцуудыг мэдэхгүй биш. Хөрөнгийн төлөө энд ирсэн болохоор эрх мэдлээ хуваарилах явдал цаашдаа ч үргэлжилнэ. Энэ хэдэн баячууд нь их хурлын гишүүдийг өөр өөрийн фракцдаа урвуулж аваад Монголын төр бүхэлдээ хэдэн компанийн төлөө зүтгэдэг үйлийн үр ирж байна” гэж хэлсэн юм, түүнд. Үнэхээр тийм л юм болно. Баттулга сайд “Ард түмний амьдрал хүнд байна” гэж ярьсныхаа маргааш нь ичих ч үгүй, талхны үнийг нэмсэн шүү дээ. Нийслэлийн талх, боовны 70 хувийг Баттулгын үйлдвэр хангаж байгаа нь үнэн шүү дээ. Энд талхны үнэ нэмж олсон мөнгөнийхөө зарим хэсгээр Баянхонгорын сонгогчдод хямд үнэтэй гурил аваачиж өгч байж гишүүн болсон. Одоо мах, талх хоёрын үнийг АН-ынхан нэмчихээд ард түмний ядарч зовсныг гайхаад сууж байгаа.
- Тодруулга өгсөн таньд баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )