Д.Эрдэнэбат: “Шударга ёс” эвслийн бүлэгтэй бид зөвшилцсөн

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хоёр сарын өмнө батөлж байгаа нь хууль бус юм биш үү?

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг сонгуулийг зохион байгуулахаас зургаан сарын өмнө УИХ-аар хэлэлцэн батална гэсэн заалт байхгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд бол сонгууль болохоос зургаан сарын өмнө багтаж УИХ хуулийг батлах ёстой гэдэг. Дөрвөн жил тутамд УИХ, орон нутгийн сонгууль болдог, тэгэхээр орон нутгийн сонгуулийг зайлшгүй 2012 онд хийх нь хуулийн заалт шүү дээ. Шалтгийг бол ярьж өгч байна, “Цоо шинэ хүн нэрээ дэвшүүлэхээр тухайн сум, дүүрэг, аймгтаа танигдахгүй гэх ч юм уу, энэ хууль чинь шахуу байна гэдэг ч юм уу олон янзаар өөлж байгаа. Гэхдээ орон нутгийн сонгуульд өрсөлдөх хүн  45 хоногийн өмнө нэрээ дэвшүүлэхээр заасан нь олон олон хүндрэлтэй холбоотой. Нэгдүгээрт, техникийн талаасаа. Тухайлбал,  автоматжуулсан машинаар саналын хуудсыг тоолохын тулд нэр дэвшигчийг яаж баталгаажуулж бүртгэж авч саналын хуудсыг хийх вэ. Хоёрдугаарт, цахим үнэмлэхийг бүрэн тарааж дуусах ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгч байгаа мэдээллээр бол ирэх аравдугаар сарын 25-нд хамгийн сүүлчийн цахим үнэмлэхийг тарааж дуусна гэж байгаа. Нөгөө талаасаа цахим үнэмлэхээр сонгууль өгөх болж байгаа ч гэлээ замбараагүй бүртгэлээ цэгцлэх ёстой. Тийм учраас энэ мэт хүндрэлүүдийг тооцож 45 хоногийн хугацаанд багтаахаар заасан.  Ер нь 45 хоног гэдэг бол нэр дэвшигч өөрийгөө таниулах бололцооны хугацаа. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн хувьд, хэрвээ цоо шинэ хүн гэж байгаа бол орон нутагт өөрөө очоод үйл ажиллагаа явуулж болно. Зарим хүмүүс ярьж байгаа баг, хороо, суман дээр бие биенээ таньж ядаад байх юу байсан юм, харин ч 45 хоногт юу хийх юм бэ гэж байна. Тэгэхээр 45 хоног боломжийн хугацаа гэж бид харж байгаа.

- Эвслийн бүлгийнхэн завсарлага аваад байгаа. Үүн дээр хоёр бүлэг зөвшилцөлд хүрсэн үү?

- “Шударга ёс” эвслийн бүлэгтэй бид энэ асуудал дээр зөвшилцсөн, ойлголтын нэг тал болох ёстой. Нэг асуудлаар хоёр талын янзын ойлголт хийхийг сайн зүйл гэж бид бодохгүй байна. Улстөрийн намууд өөр, өөрийнхөө өнцгөөр асуудлыг тайлбарлаад байна шүү дээ. Жишээ нь би өөрийнхөө өнцгөөр тайлбарлаж байж магадгүй. Тэгэхдээ хууль эрх зүйн орчин биднийг ямар байдал руу түлхэж байгаа юм бэ гэдгээ заавал ойлголцож нэг талын ойлголтод хүрэх ёстой.  Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан, байна, завсарлага үргэлжилж байгаа шүү гэж... Тэгэхдээ энэ бол тийм хүндрэлтэй асуудал биш.

-Өчигдөрийн гол сенсаацийн талаар?

-Бүлгээс болж хоёр гишүүн хоорондоо хэрэлдсэн гэж бодохгүй байгаа. Энэ бол хувь хүмүүсийн өөрсдийнх нь араншингийнх нь асуудал шүү дээ. Улстөрийн ёс зүйн тухай асуудал л байхгүй юу, үүнийг бүлэг рүү чирж аваачих нь тийм сайн зүйл угаасаа биш. Мэдээж улстөрийн зөвшилцөл бүлэг дээр яригдаж байгаа, хууль зөрчигдсөн үү гэвэл зөрчигдсөн. УИХ өөрөө хуулиа баримтлах ёстой юу гэвэл баримтлах ёстой. Хатуу байр суурь шүү, үүнийг би дахин дахин илэрхийлж байгаа. Тэгээд ч бүлгийн асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал угаасаа биш.  Ээлжит бус чуулганаар өнөөдөр тулгамдаад байгаа хоёр гуравхан асуудал бий.  Нэгдүгээрх нь 2012 оны төсвийн тодотгол, хоёр дахь нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль, гурав дахь нь төрийн албыг нийтийн алба болгох тухай асуудал. Эдгээр нь бидний хувьд хүлээгдэж байгаа асуудал зайлшгүй мөн.

-УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хувьд хууль хяналтын байгууллагад хандана гэдгээ илэрхийлсэн. Та гишүүнийхээ талд байгаа юу?  

-Хууль ямар байна, түүгээрээ нэгдүгээрт явах ёстой. Тэгэхдээ эр улсуудын хооронд болсон зүйл өчигдрийн гол сенсааци болчих шиг боллоо л доо. Хамгийн гол нь учраа олох нь чухал гэж бодож байна, хувь хүнийхээ хувьд.  Үнэхээр гэмт хэргийн шинжтэй агуулгатай, биед нь ямарваа нэгэн хохирол гэмтэл учирсан бол хүн өөрийнхөө асуудлыг шийдүүлэх гээд явж болно шүү дээ, өөрийнх нь эрхийн асуудал.

А.Баярмаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top