БНАЛАУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 31

Улсын Их хурлын дарга З.Энхболд өнөөдөр БНАЛАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бүнньян Сайсанавонгийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын гадаад бодлого залгамж чанартайг тэмдэглээд энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламент, Засгийн газар ч БНАЛАУ-тай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Монгол  Улсын гадаад бодлогод Ази, Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Зүүн өмнөд Ази буюу АСЕАН-ы орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх асуудал чухал байр суурь эзэлдгийг дурдаад энэ хүрээнд олон жилийн уламжлалт, найрсаг харилцаатай БНАЛАУ-тай хамтын ажиллаагаа гүнзгийрүүлж, идэвхжүүлэхийн төлөө ажиллахдаа баяртай байгаагаа мэдэгдэв.    

     УИХ-ын дарга мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх есдүгээр сарын 12-нд тохиох тул энэ ойг тохиолдуулан  эрдэм шинжилгээний бага хурал зохиох, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах зэрэг тодорхой хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөж буйг дурдлаа. Түүнчлэн Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын наймдугаар хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр тал анхаарч ажил хэрэг болгох нчухал гэдгийг тэмдэглэв. Хоёр орны хувийн хэвшлийн байгууллага, их, дээд сургууль, аймаг, муж хоорондын шууд харилцааг хөгжүүлснээр хамтын ажиллагааны шинэ шинэ боломж нээгдэж байгаа, үүнийг цаашдаа ч дэмжин ажиллана гэдгээ УИХ-ын дарга илэрхийллээ. Тэрбээр үгийнхээ төгсгөлд хоёр тал НҮБ болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд бие бие дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг тэмдэглээд далайд гарцгүй улс орнуудад тулгардаг нийтлэг хүндрэл бэрхшээлийг даван туулах зэрэг олон чиглэлээр цаашдаа нягт хамтран ажиллахын чухлыг онцолсон юм.

    Элчин сайд Бүнньян Сайсанавонг УИХ-ын даргын өндөр албан тушаалд сонгогдсонд нь УИХ-ын даргад баяр хүргээд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодүгийн мэндчилгээг уламжлав. Тэрбээр Монгол-Лаосын харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх сайхан сэтгэгдлээсээ хуваалцсанд УИХ-ын даргад талархлаа илэрхийлээд “Манай хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хоёр парламентын удирдлага ойр ойрхон айлчлал хийж ирсэн, хамгийн сүүлд л гэхэд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү айлчилсан. Энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжихөд томоохон түлхэц өгсөн, мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн ажлын хүрээнд болсноороо өвөрмөц онцлогтой байсан”-ыг дурдлаа.   

     Тэрбээр ирэх 10 дугаар сарын 3-4-нд Лаосын нийслэлд болох Ази, Европын парламентын байгууллагуудын дээд хэмжээний уулзалтад Монголын парламентын төлөөлөгчид оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, эрүүл мэнд, биеийн тамирын салбарт ч өргөжин хөгжиж байгаа, үүний нэг илрэл болох Монголын нэр хүндтэй гурван их сургуульд БНАЛАУ-аас одоо 35 оюутан сурч байгаа явдал юм гэдгийг онцлов. 

      Эцэст нь тэрбээр БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсын Их Хурлын даргыг урьсан урилга хүчин төгөлдөр хэвээр буйг дуулгаад хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд Элчин сайдынхаа хувьд өөрөөс шалтгаалах бүхнээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top