Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ираны үндэсний музейг үзлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 01

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ираны үндэсний музейг үзлээ. Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд Ил хаант улсын түүх, соёлын зүйлстэй танилцах зорилгоор тус музейг үзэхээр төлөвлөсөн байсан юм.

 Дал гаруй жилийн өмнө байгуулагдсан тус музей археологийн болон дундад зууны үеийн шавар, чулуун урлал, төмөр, даавуун эдлэл гэхчлэн гурван зуун мянган үзмэртэй байжээ. Тэдгээрийн дотор Ил хаант улсын үеийн зоос, цэргийн зэвсэг, хуяг дуулга, шавар эдлэл гээд монголтой холбоотой олон үзмэр бий гэж музейн тайлбарлагч ярьж байлаа. 

Харин энэ удаа тус музейг хоёр музей болгож өөрчилж байгаа тул Монголын түүхтэй холбоотой хэсгийг үзэх боломж гарсангүй. Гэхдээ эртний археологийн төмөр, зэс, чулуу, модон урлалын үзмэр үзэв.

Ерөнхийлөгч тус музейд Төв аймгийн Ноён уулнаас 2009 онд олдсон перс хивсний зургийг дурсгаж, бид бүр хүннүгийн үед харилцаатай байсныг энэ нотолж байна хэмээн хэллээ.

Сонирхуулахад энэ музей одоо археологийн музей болж байгаа аж. Нөгөө салгаж буй хэсэг нь Исламын соёлын музей болох юм байна. Тэнд Ираны хувьд ч, лалын шашны хувьд ч хөгжил  цэцэглэл, соёл дэвшлийг авчирсан Монголын Ил хаант улсын үеийн үзмэрүүд тавигдах ажээ.

Исламын соёл нь наймдугаар зуунаас эхэлдэг. Энэ нь арабууд наймдугаар зуунд Ираныг довтлон эзэлж, лалын шашин дэлгэрүүлсэнтэй холбоотой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top