Гаднаас оруулж ирэх дизель түлшний тонн тутамд 109 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр төсөвт 30 орчим тэрбум төгрөг орох боломж бүрдэж байна.
Татвар авах болсноор аж ахуйн нэгжүүдийн орлого тодорхой хэмжээгээр буурч, 5 хувийн ашигтай ажиллана. Хамгийн гол нь дотоодын жижиглэнгийн үнэд өөрчлөлт орохгүй. Харин ч цаашид хилийн үнэ нэмэгдэх тохиолдолд дотооддоо үнэ нэмэлгүй зохицуулж байх боломжийг Засгийн газар ийнхүү бүрдүүллээ.
Автобензиний хилийн болон зах зээлийн үнэ энэ оны хоёрдугаар сараас хойш тогтвортой байна. Харин дизелийн түлшний үнэ нэгдүгээр улиралд огцом өсч байсан ч 5, 6 дугаар сард 170 гаруй ам.доллараар буурчээ.
Засгийн газар өмнө нь автобензин, дизель түлшний хилийн үнэ, валютын ханшны өөрчлөлтөөс хамаарч Гаалийн болон Онцгой албан татварын хэмжээг тогтоож байсан. Эцэст нь гаднаас авах автобензин, дизель түлшнээс ямар ч татвар авахгүй байхаар шийдвэрлээд байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )