Н.Алтанхуяг: Сурагч байхдаа ”Есдүгээр сарын нэгэн бол ерөөсөө бидний баяр” гэж дуулах дуртай байсан

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 01

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож багш сурагчдад баярын мэнд хүргэн, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Тэрээр “Сурагч байхдаа Есдүгээр сарын нэгэн бол ерөөсөө бидний баяр гэж дуулах дуртай байснаа дурсаад одоогоос олон жилийн өмнө гэр хорооллын сургуулийн нэгдүгээр ангид сурахаар энэ бяцхан хүүхдүүд шиг ингээд зогсож байсан. Их сургуулиа төгсөөд багш болсон. Тиймээс би багш, сурагчид та бүхний нэг юм” гэлээ.

Монгол Улсын ирээдүйг тодорхойлох энэ салбарт түлхүү анхаарч чанартай боловсролыг эрхэмлэх бодлого барьж ажиллана гэдгээ Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг илэрхийлээд энэ бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд багш, сурагч бүрийн идэвх оролцоо хамгийн чухлыг онцоллоо.  

Лондонгийн зуны XXX олимпод Монголын тамирчид амжилттай оролцож түүхэндээ анх удаа 5 медаль авсан. Нэг хүнд ногдох медалийнхаа тоогоор манай улс дэлхийд долдугаарт жагсаж байна. Энэ амжилтыг урагшлуулах эзэд нь сурагчид, багш нар, эцэг эхчүүд, 44 дүгээр сургуулийнхан Та бүгд байгаарай гэж Ерөнхий сайд ерөөгөөд тус сургуулийн хашаанд спортын цогцолбор барьж өгнө гэж амлалаа. Харин сайхан талбайтай болсны дараагаар биеийн тамир, спортоор хичээллэж эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг ямагт санаж, хөдөлмөрлөнө гэдэгт найдаж байгаагаа   Н.Алтанхуяг илэрхийлсэн юм.

Нээлтийн ажиллагааны дараагаар Ерөнхий сайд анги танхимуудтай танилцаж, багш сурагчидтай яриа өрнүүлж, хүндрэл бэрхшээл байгаа эсэхийг асууж сонирхлоо.  Энэ үеэр сургуулийн захирал Л.Сувдаа “Нэг ангид хамрагдах хүүхдийн тоо олон,  ялангуяа нэгдүгээр ангийн зургаан настай 40 хүүхэдтэй ажиллахад хүүхэд бүрт хүрч ажилахад хүндрэлтэй, нэг бүлэг шинээр нээхээр төлөвлөсөн ч танхим хүрэлцэхгүй” байгаагаа хэллээ. 

Мөн Засгийн газрын тэргүүн энэ жил сургуулиа төгсөх ахлах ангийнхантай уулзахдаа  тэднийг Төрийн ордноор зочлохыг урилаа. Шинэчлэлийн Засгийн газрын анхны шийдвэрээр иргэд Төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч Монгол төрийн музейтэй танилцаж, Чингис хааны хөшөө, Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх боломжтой болсон. Монголчууд бид төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй. Залуучууд та нар Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, их түүхээ мэдэж, түүгээр бахархаж, омогшиж явах учиртай юм. Ийм агуу түүхтэй улс орны минь ирээдүй та бүхний гарт бий. Тиймээс өөрсдөдөө өндөр шаардлага тавьж, хөдөлмөрлөх учиртай гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг төгсөх ангийнханд зөвлөсөн юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top