Н.Алтанхуяг: Гэр хороолол гэдэг ойлголтоос салах цаг болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

Амралтын өдрөөр нийслэлийн Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүрэгт ажилласан  Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийм дүгнэлтэд хүрлээ. Иргэд өөрөө л хүсвэл худгаас ус зөөдөг, гадаа гарч бие засдаг ийм нөхцөлөөс өөр орчинд амьдрах боломж байгааг Засгийн газрын тэргүүн онцолж байна.

Ерөнхий сайдын эхний очсон газар нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны системд холбох загвар төслийн үйл ажиллагаа байв. Одоогийн байдлаар энэ төсөлд 1.4 тэрбум төгрөг зарцуулаад байгаа бөгөөд 96 айл өрх, 8 байгууллага хамрагдаад байгаа юм байна. Цэвэр усны 4.6 км, бохир усны 2.4 км шугам тавигдсан бөгөөд хоногт 90 м3 бохир ус цэвэрлэх  хүчин чадалтай  ажээ. Гэр хорооллыг орон сууцны хороолол болгох дэд бүтцийн шийдлийг гаргасан, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өссөн, оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан, айл өрхүүд нэмж холбогдох техникийн нөхцөл бүрдсэн гээд энэ төслийн хувьд сайн талууд бий ч хүндрэл бэрхшээл багагүй гарсныг  гүйцэтгэх засаглалын тэргүүнд дуулгаж байлаа.

Тухайлбал, иргэд энэ төслийг төдийлөн дэмжихгүй байгаагаас салбар шугамууд хөлдсөн, түүнчлэн өнгөрсөн өвөл ид хүйтний үед цэвэрлэгдээд гарсан усны шингэлт муудаж буцаж хальсан хүндрэл ч гарчээ. Гэр хорооллыг орон сууцтай болгох гарцыг хайж буй анхны тохиолдол хэдий ч амжилт нэг их гараагүйд Ерөнхий сайд багагүй гонсойлоо. Гарч буй усаа хөрсөндөө шингээж чадахгүй, хэрэв усаа 96 хувь цэвэрлэж чадвал гол руу урсгах боломжтой хэдий ч ийм шийдлийг анхнаасаа хийгээгүйгээс нэмэлт хөрөнгө шаардлагатай болсон гэх мэдээлэл гүйцэтгэх засаглалын тэргүүнээс зэмлэл хүртэх шалтгаан ч болж байсан.

Ямартай ч энэ тохиолдол бидэнд сургамж боллоо гэдгийг Ерөнхий сайд онцлоод, иргэдийнхээ усны хэрэглээнд ханддаг мэдлэг мэдээлэл, хандлагыг өөрчлөх, иргэдийн хүсэлтийг төрүүлэх гээд тодорхой үүрэг даалгаврыг өглөө. Түүнчлэн гадны хөрөнгө мөнгөөр хэрэгжүүлж байгаа иймэрхүү олон ажилд монголчууд бид өөрсдөө сэтгэл гарган ажиллах нь чухал гэдгииг тэмдэглэж байна.

Дараа нь Ерөнхий сайд тус дүүргийн иргэн Б. Ичинхорлоо гуайнхаар орлоо. Тэрбээр энэ төслийн хүрээнд хамрагдаагүй ч өөрөө хүсэлт гарган гэрээ цэвэр,  бохир усны системд холбуулжээ. Хувиасаа 3 сая төгрөг гаргасан байна. Сайхан амьдрах таатай нөхцөл бүрдсэнийг энэ буурай яриад, орон сууцны айлаас усаа халаах нь л ялгаатай гэдгийг дурьдаж байв. Ийм айлуудыг олноор бий болгож, санаачилгыг нь дэмжихийг Засгийн газрын тэргүүн онцоллоо.

Сонгинохайрхан дүүргийн хувьд иргэн Л.Рагчаабазар хөршийн холбоог хүрээ соёл болгох санаачилга өрнүүлж, 48 айл нийлж амьдрах нөхцөлөө сайжруулах зорилго бүхий хүсэлтээ барьсаар Ерөнхий сайдыг угтлаа. Түүний ярьснаар эдгээр 48 айл газраа чөлөөлөхөд ч бэлэн бөгөөд энэ газар дээрээ тэд нийлж, цэвэр бохир усанд холбогдсон тохилог орон сууц барих зорилготой гэнэ.

Түүний энэ санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж байгаагаа илэрхийлээд, үүнд мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан ойрын хугацаанд төлөвлөлт хийе гэлээ. Түүнчлэн энэ хавраас ч энэ ажлыг эхлүүлэх боломжтой юм гэдгийг тэмдэглээд , цаашид иргэн Л.Рагчаабазарын энэ санаачилга үлгэр жишээ ,загвар суурин болох боломжтойг ч онцоллоо. Дэд бүтцийн асуудлыг төр засгаас шийдэж өгч, харин иргэдээс гарах зардлыг эргэн төлөгдөх урт хугацаааны зээл болгон дэмжих бололцоотойг энэ уулзалтын үеэр тэмдэглэлээ. Өөрөөр хэлбэл байшин барих мөнгийг нь зээл болгон өгөх боломжийн тухай юм.

Тиймээс иргэд энэ тухай дахин сайн ярилцаж, энэ саналаа ажил болгох төлөвлөгөө болгон авчрахыг Ерөнхий сайд тэдэнд зөвлөлөө. Мөн тус дүүргийн иргэн Даваалхагва 6 айлтай нийлж, цэвэр бохир усны асуудлаа шийдэн, бүр ус ашиглан гэрээ халааж байгаа сайхан жишээг ч үзүүллээ. Гэр хорооллын асуудлыг шийдэх бас нэг сайхан жишээ энэ гэдгийг Засгийн газрын тэргүүн сайшаагаад, ийм санаачилгыг үргэлж дэмжинэ гэдгээ онцоллоо.

Ийнхүү Ерөнхий сайд амралтын өдрөө гэр хорооллыг орон сууц болгох  боломжийг эрж хайх бололцоог харуулж буй айл өрх, төслийн явцтай ийнхүү танилцлаа. Гэр хороололд сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө  ажиллана гэдгээ Засгийн газрын тэргүүн онцолж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top