Хүүхдийн мөнгийг 10-р сараас эхлэн олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

АН бүлгийн ээлжит хуралдаанаараа 2012 оны төсвийн тодотгол болон Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ удаагийн хуралдаанаар төсвийн тодотголыг голчлон ярилцсан бөгөөд хэд хэдэн зүйлийг ярилцжээ. Тодруулбал өмнөх Засгийн газраас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа нэг сая төгрөгийг гүйцээн олгох ажлыг шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэх гэнэ. Үүний тулд Хүний хөгжлийн санд 113 тэрбум төгрөгийг байршуулах шаардлагатай байгаа ажээ.  

АН-ын хувьд ирээдүйдээ хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс 0-18 насны хүүхдүүдэд сар бүр 20,000 төгрөг олгох саналтай байгаа бөгөөд үүнийг төсвийн тодотголд оруулахаар ажиллаж байна. Манай улсад 0-18 насны 968,000 хүүхэд байдаг бөгөөд ирэх сараас эхлэн сар бүр 20,000 төгрөг өгөх бол 60 тэрбум төгрөг шаардлагатай байгаа ажээ.  

Төсөвт орох орлогыг нэмэх үүднээс тамхины онцгой албан татварыг нэмэх асуудлыг энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Ингэхдээ одоо байгаа татварыг хоёр дахин нэмэх ажээ. Мөн архины онцгой албан татварыг нэмэх бөгөөд 2013 оны төсөвт энэ талаар суулгаж өгөх гэнэ.  

АН-ын бүлгийн хуралдааны үеэр эмэгтэй гишүүд хэд хэдэн санал гаргасан байна. Тодруулбал сурах бичгийг үнэгүй тарааж байгаа нь хэд хэдэн сөрөг талыг дагуулж байна. Тухайлбал сурах бичиг хэвлэхэд түрүү жил 3,1 тэрбум төгрөг зарцуулсан ч чанар нь муудсан бөгөөд эцэг эхчүүдийн хариуцлага суларчээ. Мөн  цэцэрлэгийн  хоолны мөнгийг төрөөс 100 хувь дааж байгаа энэ цаг үед эцэг эхчүүд талыг нь төлдөг байх хэрэгтэй гэсэн яриа ч гарсан байна. Учир нь өнөөдөр нэг хүүхдийн цэцэрлэгийн хоол 1100 төгрөг байгаа.  Энэ нь ханш өссөн өнөө цагт хүүхдийн өдөрт авах тэжээлийн нормыг хангаж чадахгүй байгааг онцолсон байна.  

Төсвийн тодотголын хүрээнд зарим нэг ажлын  төсвийг дараа жил болгон шилжүүлсэн бөгөөд төсвийн орлого 415 тэрбумаар буурч, зарлага 65 тэрбум төгрөгөөр буураад байгаа гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top