Дэд сайдууд тодорчихсон, гагцхүү гал намдахыг хүлээж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 03

Фракцуудын шахаа, танил тал, танхимаа урт настай байлгах Н.Алтанхуягийн “А” төлөвлөгөө өнөөдрийн Засгийн газрын сайдуудыг томилсон. Миний хувьд бол Засгийн газрын цаашдын насыг бодсон сайн төлөвлөгөө байна гэж хэлэх байна.

Түүнээс биш улс орон, ард түмний тусын тулд гэвэл 100 хувь толгой дохих арга алга. Засгийн газрын бүтцийн гуравны хоёрыг УИХ-ын гаднаас бүрдүүлдэг дэлхий нийтийн жишиг энд үйлчилсэнгүй. Нөгөө талд АН доторхи фракцуудын толхилцооныг зохицуулахын тулд бялуу хуваах зорилгоор хувь хүртээсэн гэх зэрэг хэд хэдэн шалтгаанаас харагдана. Одоо ч сайдын суудалд багтаагүй хүмүүсийн гомдол Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг ээрч, агентлаг, дэд сайдуудын томилгоог хийхээс хал авч сууна. Сонгуулийн дүн гарсан цагаас хойш хоёр cap гаруй, сайдуудаа томилоод хагас cap гаруй болоход дараагийн томилгоо сураггүй байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтэц бүрэлдээгүй байна гэсэн үг. Харин “дэд сайдын орон тоог байхгүй болгоно” гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан нь мөн л Н.Алтанхуягийн бодлого явж байгаа царай. Тэрбээр, Засгийн газраа амь бөхтэй байх бодлого барьж сайдуудаа томилсон шигээ дэд сайдууд дээр “Б” төлөвлөгөө боловсруулаад суучихсан нь лавтай. Юуны өмнө тэр сайдуудын томилгооны шуугиан намдахыг хүлээв бололтой. Мэдээж, цөөн хүний баяр хөөр, олон хүний гомдол цухлаас үүдэн нийгэмд гараад байгаа чимээг намдаах нь түүний тэргүүн зорилго байх болно. Тийм ч учраас түүний зүгээс дээрх мессэжийг нийгэмд тараасан. Сайдуудыг томилсны дараахан дэдүүдийн томилгооны талаар хэвлэлүүдээр нэг удаа “сунгаа” хийгээд тэр дороо замхарсан нь ч Н.Алтанхуягийн зүгээс шуугиан дарах томоохон үүрэг өгсөн нь гарцаагүй.

Н.Алтанхуяг “А” төлөвлөгөө боловсруулж, Засгийн газрын сайдуудыг томилохдоо УИХ-ын гишүүдээс буюу ихэнхийг нь ахмадуудаас бүрдүүлсэн. Харин одоо “Б” төлөвлөгөө буюу дэд сайдуудад дан залуучуудыг түлхэж байгаа. Учир нь, энэ удаагийн томилгоонд залуучуудыг оруулж ирэхгүй бол Засгийн газрын насны хэмжээ ч яригдаж мэднэ. Нөгөө талаас Н.Алтанхуягийн ирээдүй залуучуудын дэмжлэггүйгээр хаашаа ч үгүй гэдгийг тэр сайн тооцоолжээ. Ийнхүү Ерөнхий сайдын Засгийн газраа бүрдүүлэх “Б” төлөвлөгөө амжилттай хэрэгжиж бай­гаа ч суудлаа тэсч ядан хүлээсэн халамцуухан дэдүүд төлөвлөгөөг нь задлаад эхэлжээ.

Б.Мэдрээгийн мэх эзэндээ Монгол банкыг авчрав уу


Засгийн газрын зүгээс хэдийгээр гал намдаах ажиллагаа явуулж байгаа ч зарим зүйл дэндүү тод болж байгааг улстөрд болж байгаа зарим үйл ажиллагаа харуулж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл өнгөрөгч лхагва гаригт Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж үүрэгт ажлаасаа саналаараа татгалзав. Учир нь, Ардчилсан намын жагсаалтын 11-т эрэмбэлэгдэж, УИХ-ын гишүүн болох аз дутсан ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ сайдуудын томил­гооны араас идэвхтэй дуугарч эхэлсэн. Арга ч үгүй биз, өөрөөс нь хойш 14-т эрэмбэлэгдсэн А.Гансүх Зам тээврийн сайд болчихоор хэн ч гэсэн ийм алхам хийх л байх. Б.Мэдрээгийн хэвлэлээр дуугарсан нь байгаа лавтай сайн оносон. Томилгооны галыг дарах гэж төлөвлөгөө боловсруулж суусан Н.Алтанхуягт төлөвлөөгүй орж ирсэн зүйл бол Б.Мэдрээгийн хэвлэлээр нээсэн гал. Тиймээс буланд шахуулсан Н.Алтанхуяг Б.Мэдрээд Монгол банкийг амласан гэдэг нь оргүй зүйл биш хэрэг. Ийм л томилгоонууд далд хийгдэж байгааг мэдэрсэн учраас Монгол банкны ерөнхийлөгч ажлаа егөх санал гаргасан гэдэгт эргэлзэх хэрэг алга. Гэхдээ МҮДН-аас Да.Ганболдыг зүтгүүлж, бараг л Монгол банкны ерөнхийлөгчид тохирчихсон байсан гэх. Дэмжээд, дэмжээд явахаа больсон Да.Ганболдод сүүлчийн боломж олгож, Монгол банкаа өгөх гэсэн байхыг үгүйсгэх аргагүй.

Ганц суудлаа алдах шахсан ИЗНН-ынхны дэдүүд нь олондоод байна


Дэд сайдуудаа далд тохирчихсон байсныг бас нэг зүйл нотолно. Учир нь ИЗНН-д дэд сайдын болон агентлагийн даргын суудал өгөхгүй далд төлөвлөгөөг нь С.Оюун илчилж өгсөн. Өнгөрөгч долоо хоногт “ИЗНН Засгийн газраас гарна, гарахгүй” гэсэн мэдээллийн сүүдэр хэвлэлээр дайраад өнгөрсөн нь мөн л Н.Алтанхуягийг балмагдуулж, тэр өдөртөө “Бид Засгийн газраас гарахгүй” гэсэн С.Оюун сайдын мэдэгдлийг хэвлэлээр яаран гаргууллаа. Ойрын эх сурвалжийн хэлснээр бол ИЗНН-д дэд сайдын болон агентлагийн даргын суудал өгөхгүй гэсэн юм билээ. Тэгэхээр нь ИЗНН-ынхан Н.Алтанхуягт далд хаягтайгаар хэвлэлээр дайралт үзүүлж амжилт олсон нь энэ. Ийнхүү ганц суудлаа хамгаалж үлдсэн ИЗНН-ынханд Ц.Оюунгэрэлийн толгойлох болсон Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэд сайдыг өгнө. Өгөхдөө “Шар айраг”-ийн Г.Ганхүүг болгох яриа хэвлэлээр үзэгдэх болсон. Юутай ч, Г.Ганхүүгийн хувьд энэ намд нарийн бичгийн даргын алба хашдаг. Гэтэл Ц.Оюунгэрэл сайдын хувьд дотоод хурал дээрээ эмэгтэй хүнтэй гар нийлж ажиллана гэдгээ мэдэгдсэн гэнэ. Харин намын жагсаалтад дөрөвт эрэмбэлэгдсэн “Нар Мон” компанийн захирал М.Хүрэлсүх их хэмжээний мөнгө амлан зүтгэж байгаа юм билээ.

Давуу эрх эдэлсэн Х.Баттулгын хоёр дэд нь хэн байх вэ


Үйлдвэр хөдөө аж ахуйн яамыг гартаа авсан Х.Баттулга онцгой эрх эдэлж, үйлдвэр хариуцсан, хөдөө аж ахуй хариуцсан гээд хоёр дэд сайдтай байхаар төлөвлөжээ. Харин Х.Баттулгын хоёр дэд сайдаар Монголын Ардчилсан Холбооны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа, мөн МоАХ-оос И.Нарантуяа нар болон “Элбэгдорж хүрээлэн”-гийн захирал Ш.Батцэцэг нар уралдаж буй. МоАХ-ны И.Нарантуяаг дэмжиж байгаа аль нэг фракц байхгүй. Өөрөө л зүтгэж байгаа. Тэгэхээр МоАХ-ны Г.Байгальмаатай дээрх хоёрын хэн нэг нь дэд сайдын суудалд ганзага нийлэх нь тодорхой болж байна. Хуваарь ёсоор бол МоАХ “Кроун”, “Зүүн Хойд Ази” гурван фракцыг нийлүүлж гурван дэдийн квот өгөх тухай яриа нэлээд эрт яригдаж байсан нь хэрвээ хэвээр бол “Зүүн Хойд Ази”, “Кроун” хоёрын аль нэг нь хоосон хоцорно. “Кроун”-аас хуучнаар НХХ-ийн дэд сайд асан Д.Нямхүүг алтангадасчууд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдад түрж байгаа бол намын жагсаалтын нэлээд хойгуурт нэрээ бичүүлсэн Д.Үүрийнтуяа “Шонхор” фракцаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар очих нь тодорхой гэдгийг ч дуулгав.

Ц.Элбэгдорж хоёр дэд сайд зүтгүүлж байна


Ерөнхийлөгчийн хувьд Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яамны дэд сайдуудыг өөрөө томилно гэдгийг эх сурвалж хэлсэн. Тиймээс Гадаад хэргийн дэд сайдад намын жагсаалтын 16-д эрэмбэлэгдээд өвдөг шороодсон Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон залуучуудын армиас "Глобал” дээд сургуулийн дэд захирал н.Отгонбат нар өрсөлдөж байгаа. Мэдээж, энэ хоёрын аль нь Ц.Элбэгдоржид таалагдана тэр дэд сайд болно. Харин Ерөнхийлөгчийн мэдэлдээ авсан гэх Батлан хамгаалахын дэд сайдад хуучнаар НХХЯ-ны Гадаад хөдөлмөр эрхлэх иргэдийн асуудал эрхэлсэн захирал н.Отгонсүрэнг томилчихсон гэх яриа бий. Л.Гантөмөрийн толгойлох болсон БШУ-ны дэд сайдаар Н.Алтанхуягийн барьж буй бодлогоор мөн л залуучуудаас хэн нэгнийг томилох учиртай хэмээн үзэж байгаа ч УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл зүтгэж байгаа гэх. Тэр ч бүү хэл гишүүн асан маань Ерөнхийлөгчид хүртэл анхаарал хандуулах мессэж илгээсэн сураг бий. Н.Алтанхуяг нарын санаа бол АН-ын ҮЗХ-ны гишүүн Б.Мөнхболорыг тавьчих санаа байгаа ч хуучин гишүүн П.Алтангэрэл түүний замд хөндөлсөж байгаа аж. Хөдөлмөрийн дэд сайдаар АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг лавтай очно гэдгийг баттай эх сурвалж хэлсэн юм. Гэтэл Хууль зүйн дэд сайдад намынхаа үүрэг даалгаврыг сайн биелүүлж ажилласан гэх АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаярын сураг дуулдах бөгөөд Уул уурхайн дэд сайдад Батж. Батбаярын хүүтэй уралдаж байгаа нөхөр нь Хэнтий аймагт нэр дэвшээд өвдөг шороодсон М.Хүдэрбаатар юм.

“Нэг Ардчилал”-ынхан илүүрхэж гурван дэд сайдын квот авах нь


“Нэг ардчилал” фракцаас ҮЗХ-ны гишүүн Б.Баттүвшин намын жагсаалтад 24-т эрэмбэлэгдсэн ч дэд сайдын суудалд очсоноо тэмдэглэж явааг дуулгасан. Энэ бол ойрын эх сурвалжийн мэдээлэл гэдгийг дуулгах нь зөв байх. Б.Баттүвшингийн хувьд УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү гэдгээр нь улстөрийн хүрээнийхэн гадарлах байх. Үүнээс гадна улстөрд нэр, нөлөө бүхий эцгээрээ “крандуулж” дэдийн суудалд морилж байгаа өөр нэг хүн бол УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү “Мөнх тэнгэр” фракцын Б.Батбилэг. Тэрбээр, “Зүүн хойд Ази”-тай нийлж, нэг талаасаа эцгээрээ, нөгөө талаасаа нийтлэлч Баабараар сугадуулан зүтгэж байгаа. Харин АН дотроо нэлээд боловсролтой, чадалтай залуусаас бүрддэг төдийгүй, АН-д нөлөө үзүүлж, Засгийн газарт хоёр ч сайдын суудал аваад байгаа “Нэг Ардчилал” фракцийнхан гурван дэд сайдын суудал авна гэдэг нь тодорхой болжээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асан н.Тамир, “Мон- Атом” төрийн өмчит компанийн дэд захирал “Нэг ардчилал” фракцын Н.Тэгшбаяр Түлш, эрчим хүчний дэд сайдад очих нь лавтай гэнэ. Түүний хувьд намынхаа залуучуудын байгууллагад олон жил удирдах ажил хийсэн төдийгүй, түлш, эрчим хүчний чиглэлээр мэргэжил эзэмшсэн ганц хүн нь.

Энэ фракцын хувьд Н.Алтанхуягийн залуучуудыг томилгоонд оруулах “Б” төлөвлөгөөтэй яв цав нийцэж байгаа. Тиймээс “Нэг ардчилал”-аас квотын дагуу гурван сайд орж ирэх магадлал өндөр байгаа. Учир нь, залуучуудын багийг бүрдүүлэх болсон тус фракцад АН-ын ах нар ихээхэн итгэл хүлээлгэдэг учраас эдний гурван квот хөндөгдөхгүй юм байна. Үнэнийг хэлэхэд АН-ын бодлогыг барьж байгаа алтангадасчууд залуучуудаасаа айх болсны нэг илрэл энэ бөгөөд ирээдүйд АН-ын бодлого зангидах залуучууд энэ фаркцид бий гэж болно.

МАХН, МҮАН-даа дэд сайдын суудал өгөх эсэх асуудлаар маргалдаж байна


Засгийн газарт өөрсдийнхөө бүрэлдэхүүнийг оруулах гэж дотооддоо нэлээд дайтсан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс дэд сайдын томилгоонд 75:25- ын харьцааг баримтлах бөгөөд эвсэл дотроо ч гуравны нэг гэсэн харьцаагаа хадгална гэж мэдэгдээд байгаа. МАХН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугар, түүний туслах Б.Тулга, хуульч Э.Эрдэнэжамъян, Дорноговь-Говьсүмбэрийн тойрогт нэр дэвшээд өвдөг шороодсон Ч.Чимэдсүрэн нар. Дүрэм ёсоор бол “Шударга ёс” эвслийн жагсаалтын наймд бичигдсэн Ж.Батхуяг МҮАН-аас, есдүгээрт бичигдсэн Э.Эрдэнэжамъян, 10-т эрэмбэлэгдсэн Т.Оюунаа нар МАХН-аас дэд сайдад яригдах ёстой. Гэсэн ч одоогийн байдлаар намын жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдээд хасагдсан Э.Батшугар, нэр дэвшээд өвдөг шороодсон Н.Чимэдсүрэн, Н.Энхбаярын туслах Б.Тулга нарыг дэд сайдад нэрийг нь оруулж ирсэн нь маргаан дэгдээх томоохон хүчин зүйл болоод байгаа. Тэгвэл Эрүүл мэндийн дэд сайдад мярааж байгаа хүн бол Хүний гавьяат эмч Н.Жамбалжав. Харин МАХН- ынхан МҮАН-даа дэд сайдын суудал өгөх эсэх асуудлаар ид маргалдаж байгаа.



Дэд сайдууд тодрохоор барах уу, баяраа тэмдэглэж явна


Н.Алтанхуягийн Засгийн газрын сайдуудыг томилох “А” төлөвлөгөө хэл амтай ч амжилттай хэрэгжиж, сайдуудаа томилчихсон. Харин үүнээс үүдсэн сөрөг чимээ нийгэмд өнөөг хүртэл тасрахгүй байгаа. Хамгийн энгийн бөгөөд аймшигтай жишээ гэвэл монголчуудын гол амин зуулга болсон Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцдэг гурван ч гайхал Засгийн газарт сайдаар суусан нь гадаадын хөрөнгө оруулагчид төдийгүй эгэл ардын ч айдсыг төрүүлээд байгаа. Тиймээс энэ мэт айдас, чимээ шуугианыг намдаах Н.Алтанхуягийн “Б" төлөвлөгөө нь дэд сайдуудын нэрсийг тодруулчихаад томилохгүй байгаа явдал, Н.Алтанхуяг хэдийгээр дэд сайдуудын нэрсийг задлах болоогүй хэмээн үүрэг өгсөн ч бялууны булан зулгааж чадсан дэд сайдууд дээлэндээ багтахгүй баяраа тэмдэглэж, Ерөнхий сайдынхаа нууцыг задалж явна.

С.Ууганбаяр

Эх сурвалж: unen.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top