Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр хуралдсан. Энэхүү хуралдаанаар зарим томилгооны асуудлыг хэлэлцэж ТЕГ-ын дарга асан, одоогоор Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж буй Б.Билэгтийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилох шийдвэрийг гаргасан юм. Ийнхүү ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирын албыг тэрээр хаших болов. Ингэснээр одоо ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, дэд дарга нарын асуудлыг ч ярих бөгөөд энэ нь Хууль зүйн сайдын бүрэн эрхэд хамаарах аж. Одоогоор Тэргүүн дэд дарга Р.Чингис, дэд даргаар Л.Энх-Амгалан нар ажиллаж буй билээ.
Баянмөнхийн Билэгт нь 1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрж, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд “Отгонтэнгэр” их сургууль төгсчээ. Нягтлан бодогч, эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй.
Тэрбээр Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, Дулааны цахилгаан станцад слесарь, “Сонсголон” элс, хайрганы завод, СОТН барилгын трестэд нягтлан бодогч, Монголын Ардчилсан холбоо, “Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын болон Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдиын зөвлөлийн Ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна. Төрийн албанд 12 жил ажилласан туршлага, тухайн ажлыг хариуцан гүйцэтгэх чадвар зэргийг нь харгалзан түүнийг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилжээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )