ЦЕГ-ын дарга Б.Билэгт дэд дарга нараа томиллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг чөлөөлж, оронд нь  Б.Билэгтийг томилсон юм. Ерөнхий сайд энэ томилгоонд ач холбогдол өгч буйгаа илэрхийлэн өчигдөр үдээс хойш өөрийн биеэр очиж тэдний ажлыг хүлээлцүүлэв. ЦЕГ-ын даргын тамга гардсан даруйдаа Б.Билэгт тушаал гаргаж тэргүүн дэд дарга болон дэд дарга нараа шинээр томиллоо. Мөн Тамгын газрын даргыг ч өөрчилсөн. Тэргүүн дэд даргаараа ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвийн дэд даргаар Ш.Ганболдыг томилжээ. Ш.Ганболд өмнө нь Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж байсан гэнэ. Дэд даргаараа ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга хийж байгаад дөрөвдүгээр сард хүсэлтээрээ чөлөөлөгдсөн Ж.Ганбаатарыг авчээ.

Харин Тамгын газрын даргаараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Д.Адьяабазарыг томилсон юм.

Хошууч генерал Д.Сандаг-Очир болон тэргүүн дэд дарга Р.Чингис, дэд дарга Л.Энх-Амгалан, Тамгын газрын дарга Д.Арвинбуудай нарыг өөр ажилд томилсон эсэхийг тодруулахад Д.Сандаг-Очир генерал тэтгэвэрт гарсан бол бусад гурван даргад одоогоор ямар нэг ажил өгөөгүй байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top