Шинэ сайд шинэ соёлыг цагдаад нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Шинэчлэлийн Засгийн Газрын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө тухайн салбарт хийх олон шинэчлэлийн талаар эрчимтэй ярьж байгаа билээ.

Эдгээрийн дотроос цагдаагийн салбарт баримтлах бодлого, чиг зорилго, зарчмын талаар дурдсан нь иргэдийн санал бодолд нийцсэн, зөв зүйтэй арга хэмжээ болохуйц сэтгэгдэл төрүүлж байна.

Өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой нь холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас нь чөлөөлж Б.Билэгтийг томилсон билээ. Өмнө нь Тагнуулын байгууллага зэрэг газар ажиллаж байсан туршлагатай, зангарагтай, шийдэмгий шинж чанартай гэдгээрээ цагдаагийн байгууллагыг толгойлох шалгуур зарчимд тэнцэн томилогдсон бололтой. Ийнхүү Б.Билэгт дарга шинэ сайдтайгаа хамтран Монголын цагдааг өөрчлөх их үйлсэд сэтгэл шулуудан зүтгэхээр боллоо.

Тэмүүжин сайдын зүгээс цагдаагийн байгууллагыг “цэвэр” байлгах талаар голлон анхаарах аж. Юуны түрүүнд Монголын цагдааг улс төр-бизнесийн бүлэглэл, олигархи, рецедив гэмт хэрэгтнүүдээс ангид байлган, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй, нэгэн үзүүрт сэтгэлээр цагдаад зүтгэх хүмүүсийг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Монголын хүчний байгууллагууд иймэрхүү бүлэглэлүүдтэй орооцолдон сүжирч, “хөрөнгөлөг хурандаа нар” гэсэн нэр томьёоны ард тэрний хүн, энэний хүн гэсэн хаяг шошго зүүлттэй байсан нь нуугаад байх зүйл огт биш юм. Энэ хэрээр “Монголын хууль мөнгөтэй хүнд үйлчилдэггүй” гэсэн яриа нийгэмд тархан, хууль цагдаагийн байгууллагын нэр хүндийг навс унагаж байсан билээ.

Тэгвэл энэхүү зүй бус үйлдлийг таслан зогсоохоор шинэ, эрч хүчтэй, залуу сайд маань ханцуй шамлан орж байна. Тэрээр энэхүү тэмцлийнхээ далайц, үр дагаврыг мэдэрсэн хүний байдлаар “ Эдгээр шинэчлэлийг хийх явцад маш олон хүмүүстэй муудалцах, сайдах зүйл их гарах нь мэдээж. Иймээс би сайдын албан тушаалд хэдий хэр удаан оршин тогтнохоо сайн мэдэхгүй байна. Ямартаа ч өөрийн байх хугацаандаа эдгээр зүй бус явдлуудтай шударгаар тэмцэх болно” гэдгээ өгүүлж байна.Үнэхээр ч хүний өөрийн гэлтгүй нам намын олигархиуд хоорондоо ямар нэгэн ашиг сонирхлоор холбогдон сүжирч, нийгэм тэр чигээрээ авлига, хээл хахуульд идэгдсэн, албан тушаалтнууд нь мөнгөтэй хүмүүст худалдагдсан ийм эгзэгтэй цаг мөчид хуулийн байгууллагыг толгойлохоор болсон нь эрсдэлтэй алхам гэхээс өөрөөр хэлэх аргагүй. Түүний хэрэгжүүлэхээр зэхэж буй эдгээр шинэчлэлүүд олон субъектын эрх ашгийг хөндөх нь ойлгомжтой.

Дараагийн бас нэгэн шинэчлэл нь цагдаагийн бие бүрэлдэхүүний боловсрол, соёлтой холбоотой асуудал юм. Энэ талаар Монголын цагдаа үнэхээр доголдолтойг захын хүн андахгүй. Өдөр тутам харж байдаг замын цагдаагаар жишээ авъя. Замын голд нэг л том пээдийсэн их зантай нөхөр зогсоод, шүгэлдүүлсэн жолооч нь уулгамч юм шиг машинаа тэр дор нь хаячихаад бичиг баримтаа аван жигтэйхэн жижгэрсэн царайтай амьтан цагдаа руу шогшин очдог тэнэг зураглал хаа сайгүй харагдана. Уг нь бидний кинон дээрээс л олж хардаг гадаадын соёлтой цагдаа нар шиг жолооч руугаа очиж ёслоод бичиг баримтыг нь шалгамаар юм шиг, цагдаа бол ард түмэнд үйлчлэгч гэсэн утгаараа.

Мөн манай хэв журмын цагдаа нар ч соёлын талаар үнэн хүндрэлтэй. Хүн болгонд л гэмт хэрэгтнүүдтэй харьцаж буй мэт ширүүн дориун, айлгаж ичээсэн байдалтай хандах нь ажиглагддаг. Тэр “п.....” гэх мэтийн бүдүүлэг үгс бол зүгээр л амны уншлага.

Тэгвэл энэ бүхнийг шинэ сайд маань засаж залруулах гэж байна. Тэрхүү бүтээлч санаачлагуудыг нь бүх түвшиндээ дэмжин ажиллацгааж, манай Монголын нийгмийн идээ бээр болоод байгаа авлига, хээл хахууль, шударга бус, замбараагүй зүйлүүдээс ангижран, айх аюулгүй амар тайван, стрессгүй амьдарцгаавал бид бүхний хүсэл биелэх нь тэр!

Д.Мягмарсүрэн          

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top