Нэр хугарахаар яс хугар гэсэн үгийг хэн хүнгүй л дор бүрдээ эрхэмлэдэг байх. Нэн ялангуяа улс орны маань нэр хүнд хилийн чанадад хэдий чинээ унана бид төдий чинээ бэрхшээл зовлон амсана. Үүнийг нотлоход амархан л даа. Дарангуйлагч дэглэмтэй Хойд Солонгосын ард түмэн хэрхэн өлсөж, яаж шуухан тарчилж байгааг та бид цэнхэр дэлгэцээр харж байгаа.
Эрх мэдлээ алдахыг хүсээгүй Асадын балгаар Сиричүүд цусан тулалдаж байна. Зэвсэглэлээр хөөцөлдөж нэр нь унасны улмаас нефтиэр хахсан Иран Улс эдийн засгийн хоригт орон зовох боллоо. Тэгвэл Евро-Азийн эх газар дээр цорын ганц шахам ардчилал, эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон Монгол Улс маань хүнд бэрх цагийг зөвхөн энэ сайн нэрээрээ туулж чадсан билээ. Сайн нэртэй байхын тулд авлига хээл хахуулиас ангид байж, олон улсын тавцанд хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангаж чаддагаа харуулах ёстой.
Сүүлийн үед авлига хээл хахуультай тэмцэх ажил маш амжилттай өрнөж байна. Жижигхэн төсөвтэй сумын Засаг даргаас эхлээд экс Ерөнхийлөгчийг хүртэл шалган шийтгэж чадлаа. Сайны хажуугаар саар гэгчээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр баригдаж, хоригдох үедээ улс Монголынхоо нэрээр барьцаалан ял завших бүхэл бүтэн кампанит ажил өрнүүлж амжсан билээ. Тухайлбал эхнэр О.Цолмон нь Их Британий бүх намын асуудлаархи Монголыг хариуцсан ноёнтонд гүжир үгтэй захидал илгээснээр энэ явдал эхэлсэн. Мөн Монголын баялгийг нэгмөсөн шахам халаасалсан Роберт Фрийдланд хамтрагч Н.Энхбаяраа аварч, хууль бусаар олсон лицензээ авч үлдэхийн тулд “Файненшл таймс”, “Уолстрийт журнал” сэтгүүлүүдэд өндөр үнэ төлөн Монголыг дарангуйлагч дэглэмд орсон мэтээр гүтгэлэгт материал нийтлүүлсэн төдийгүй сая долларын хөлстэй хар тамхи, зэвсгийн наймаа, улс төрийн аллагын эздийг өмгөөлөхөд мэргэшсэн Питер Голдсмит гэгчээр Монголын нэрийг гутаалгах аялал хийлгэж байсан. Зарим гүтгэлэг нь ч бүр ичиж үхмээр байсныг уншаад уур унтуу хүрч байлаа. Тухайлбал Н.Энхбаярыг шалдлан нүцгэн хоригдлуудын дундуур алхуулсан гэдэг ойлголтыг дэлхий нийт авсан.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн манайх руу утас цохин наад ажлаа боль гэсэн тухай хэвлэлээр нэг кампанит ажил өрнөсөн. Энэ бүхний эцэст миний бие Монголын маань нэр дэлхийн тавцанд уналаа даа. Үр дүн нь чухам яаж тусах бол хэмээн эмзэглэн бодож байлаа. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иранд болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж ярилцсан яриан дундаас зарим зүйлийг хэвлэлээс олж хараад ихэд олзуурхан үзэг цаас шүүрсэн нь энэ.
Нэг үеэ бодоход Монгол Улс хүний өмнө нүүр улайхааргүй болжээ. НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд манай улс БНАСАУ-д хүнсний тусламж үзүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Хүнсний тусламж үзүүлнэ гэхээр хамаг хоолоо аваачаад өгчихнө гэж айх хэрэггүй. Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэдэг шиг өглөг буянд их багын ялгаагүй. Ингээд л ойлгочих. Улс орны маань нэр хүнд өсөөд л явчихна. Болж л байна. Үүнээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн манай Ерөнхийлөгчид “...Авлигын эсрэг хүний эрх, хууль ёсыг дээдлэн тууштай тэмцэж байгаад тань мөн баяр хүргэе. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү гэдгийг солонгос хүний хувьд сайн ойлгож байна. Бүгд Найрамдах Солонгос Улс хоёр ч ерөнхийлөгчөө авлигын хэргээр шоронд суулгасан. Хүүхдүүд нь бас яллагдсан. Одоогийн Ерөнхийлөгчийн ах бас авлигын хэргээр шоронд сууж байгаа шүү дээ. Сүүлийн хоёр жилд улс төрийн эр зориг гарган манлайлж, идэвхтэй ажиллан Монгол Улсад цаазаар авах ялыг халж чадсанд баяр хүргэе...”
Авлигын эсрэг хүний эрх, хууль ёсыг дээдлэн тэмцэж байгаа гэдэг үг л миний сэтгэлийг тайвшруулаад байгаа юм. Экс Ерөнхийлөгчийн багийнхан энэ үгэн дээр л ихээхэн ач холбогдол өгч, хүний эрх, хууль ёсыг гажуудуулж байна хэмээн тэмцэж байсан. Тэгвэл НҮБ үнэнийг ойлгожээ. НҮБ ойлголоо гэдэг дэлхий ойлголоо гэсэн үг. Ингэж санаа минь амрав. Нэр хугарахаар яс хугар хэмээх үгний маш том учиг энэ байжээ. Бид ямартаа ч гадна талдаа сайн нэртэй яваа юм байна. Харин бид гэр дотроо хүн нэг бүр л нэрээ бодон зөв явбаас болох бус уу.
Ш.Доржхүү /Ахмад багш/
Сэтгэгдэл ( 0 )