Г.Баярсайхан гишүүн өөрийгөө өмөөрүүлэхээр өвгөчүүлийг явуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Чуулганы танхимд хэрүүл хийж, салаавч гаргаж, нэгнийгээ шанаадсан хоёр гишүүний асуудал маргаан хэрүүл халуухан дээрээ байгаа энэ цагт хоёр гишүүдийг өмгөөлөх хамгаалах хүмүүс олдсоор.

Өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд Чингэлтэй дүүргийн 19–р хорооны зарим өндөр настнууд мэдээлэл хийсэн юм. Тэд хэлэхдээ “УИХ улс орны яаралтай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр сая ээлжит бус чуулганыг хуралдуулав. Гэтэл МАН-ынхан дан ганц намынхаа эрх ашгыг хөөцөлдөж бүлэг байгуулсан шийдвэрээ цаг тухайд өгөөгүй байж одоог хүртэл УИХ-ын даргыг шаналгаад байдаг нь харамсалтай.

Түүгээр барахгүй намаа сонгуульд ялагдуулж үүрэгт ажлаасаа хусагдсан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх төрийн ордон дотор олны нүдэн дээр УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг зодож танхайрав. Угаасаа У.Хүрэлсүх хүн гүтгэхдээ улайм цайм хүн гэдэг юм билээ. Г.Баярсайхан гишүүн шоронд орох ёстой гэж хэлээгүй бол У.Хүрэлсүх гишүүн шоронд орох ёстой хэмээн хэлсэн гэж гүтгэж байна. Харин энэ асуудлыг намынх нөхдүүд парламентад байх ёстой үйлдэл хэмээн тайлбарласан нь МАН-ынхан бүр болохоо байж байгааг харуулж байна. Бас Г.Баярсайхан гишүүнийг хууль, шүүхийн байгууллагад хандахгүй байх талаар МАН-ынхан ятгасан гэнэ. Ямартай ч Ц.Нямдорж гишүүн Г.Баярсайханыг өрөө рүүгээ дагуулж орсон нь цаанаа л учиртай гэдгийг бид гадарлаж байна.

Бид Г.Баярсайхан гишүүнээр шударга ёс тогтоолгох хуйвалдаануудыг зогсоолгох гэж түүнийг сонгосон юм. У.Хүрэлсүх жагсаалт гэдэг нам доторх эрх мэдэлтнүүдийн хуйвалдаанаар УИХ-ын гишүүн болж байгаагаас бус ард түмнээс сонгогдсон гишүүн биш ард түмэн бол ийм балмад хулигааныг сонгохгүй нь тодорхой. У.Хүрэлсүх мэтийн балмад этгээд УИХ-ын гишүүн байж зохихгүй” гэсэн юм.

Одоо цагт гишүүн болгоны цаана хамгаалах иргэд сонгогчид бий шүү гэдгийг сануулах шиг тэдгээр өвгөд, хөгшид У.Хүрэлсүх гишүүнийг нэлээн сайн занаад авна лээ. Г.Баярсайхан гишүүн та нарыг явуулсан уу гэсэн сэтгүүлчдийн асуултанд түг таг хариулсан тэдгээр хөгшид үнэн хэрэгтээ хэн нь хэнийгээ зодсон талаар мэдээгүй бололтой дүр зураг ажиглагдсан. Сэтгүүлчийн асуултыг сонсохгүй дахин дахин хэлүүлж байж сая нэг сонсох тийшээ хандаж байгаа өвгөчүүд үнэн хэрэгтэй телевизийнхээ дууг сонссон болов уу даа. Ийнхүү Г.Баярсайхан гишүүн өөрийгөө өмөөрүүлэхээр өвгөчүүлийг явуулжээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top