Нийгмийн даатгалын асуудлаар хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

УИХ-ын ээлжит чуулган Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаад завсарласан билээ. Ингээд дөнгөж сая  хуралдааныг үргэлжлүүлэн хуралдаж байна.  

Өдгөө нийгмийн халамжийн ажилчдыг тухайн дүүргийн Засаг дарга нар томилдог юм. Энэ нь тусламж хэрэгтэй хүмүүстээ хүрэхгүй байна гэх шүүмжлэлийг дагуулж байгаа. Тиймээс энэ байдлыг таслан зогсоох үүднээс Нийгмийн даатгалын ерөнхий газраас шууд томилдог босоо тогтолцоотой болгоно. Гэхдээ томилгоог хийхдээ Засаг даргатай зөвшилцөнө гэх үгийг оруулжээ. Тэгвэл энэ үгэн дээр УИХ-ын гишүүд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байна. Тодруулбал зөвшилцөнө гэдгийг буруушаах нэгэн байхад дэмжих нэгэн ч байгаа юм. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хуучин, шинэ тогтолцоо хоёулаа буруу. Тиймээс даатгал төлөгчдөд эрх мэдлийг нь өгөх нь зүйтэй гэдгийг онцоллоо. Харамсалтай нь түүний энэ санааг хэлэлцэх боломжгүй бөгөөд шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулах хэрэгтэй болсон юм.

Энэ хуулийн төслийн дараагаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх бөгөөд бид энэ талаар шуурхай мэдээлнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top