40 жилийн дараах айлчлал

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лалын Бүгд Найрамдах Иран улсад албан ёсны айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Ерөнхийлөгч Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний XVI уулзалтад оролцож, Ираны дээд удирдагч Аятолла Сейед Али Хаманей, тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмади Нежад нартай уулзалт хийсэн юм.

Мөн Монголын эзэнт гүрний Ил хаант улсын үеийн түүх соёлын газруудаар зочилж, Өлзийт хааны бунхантай танилцсан байна. Түүний айлчлалын талаар өнөөдөр Гадаад харилцааны яамнаас "Иргэний танхим"-д сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Ерөнхийлөгчийн айлчлалд багтсан ГХ-ны сайд Л.Болд хэлэхдээ "Бид нилээд хэдэн асуудлууд дээр хамтран ажиллах талаар ярилцсан. Ерөнхийлөгчийн Лалын Бүгд Найрамдах Иран улсад хийсэн айлчлал бол 40 жилийн дараа болж байгаагаараа ихэд онцлогтой байлаа.

Иран улс нь манай улстай хамгийн их түүхэн харилцаа хийгээд соёлын хувьд ойролцоо ард түмэнтэй. Түүгээр зогсохгүй олон зууны арвин их түүх соёлтой тэр нь Ил Хаант улсын үеийн ихээхэн түүх сурвалжууд хадгалагдаж байдаг.

Мөн энэ талаар хоёр улс харилцан хамтран улс хоорондоо визгүй зорчих болон оюутан болон эрдэмтэн солилцооны асуудлаар тодорхой хэмжээнд ярилцсан. Бидний саналыг Ираны тал нааштай хүлээж авсан.

Дашрамд дуулгахад манай бизнес эрхлэгчдэд боломж байна шүү. 80 сая хүн амтай, дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө топ 20-д багтдаг тус улс бүхий л талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан" гэсэн юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top