Н.Баттулга: Д.Сумъяабазар залилагч биш харин өөрөө хохирогч

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 04

Сүүлийн хэд хоногт хэвлэлүүдээр шил дараалан бичигдээд байгаа ""Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк"-ны ТУЗ-ийн дарга Д.Сумъяабазар их хэмжээний мөнгө залилан авчээ" гэх мэдээллийн үнэн бодит байдлын талаар тэрбээр өчигдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд мөнгөө залилуулсан хэмээн яригдаад байгаа иргэн Н.Баттулгатай хамтарсан мэдээлэл хийж  хэвлэлийнхэнд   байрь сууриа илэрхийлэв.


Д.Сумъяабазар: “Өнөөдрийн үүсээд байгаа өнгө аяс чиг хандлагыг надаар хэлүүлэлтгүй манай хэвлэл мэдээллийнхэн мэдэж байгаа байх. УИХ-ын ээлжит бус сонгууль явагдаж өнгөрснөөс хойш хэвлэл мэдээллийн байгууллагуудаар хувь хүний нэр хүндэд халдах,  мөн байгууллагын нэр хүндэд халдсан ийм гүтгэлэгийн чанартай, баримтан дээр тулгуурласан зүйлгүй хийсвэр мэдээллүүд яваад байгаад нь иргэн хүнийхээ хувьд харамсаж байгаагаа илэрхийлж байна.

Өнөөдөр миний мэдээлэл хийх шалтгаан  бол иргэн Д.Сумъяабазар гэдэг утгаараа бус юм. Гадаад дотоодын бизнесийн хамтрагч, дэлхийн хэмжээний санхүүгийн хамтрагчид,  гадаадын нэр хүндтэй аудитын газруудтай хамтарч ажилладаг ҮХОБанкны ТУЗ-ийн даргын хувьд мэдээлэл хийж байна.

-Тэгээд яг юу болсон юм бэ?

-Хувь хүн талаасаа эхлээд би ихэд хүлээцтэй,  Монгол эр хүний, аварга хүний жудаг зааж аливаа жижиг шуугианд тэр болгон мэдээлэл хийж ирсэнгүй. Үүсээд байгаа нөхцөл байдлыг байгууллагын нэр хүндтэй шууд холбоотой гэж үзэж байна. Үүний цаана үүсч болох олон зуун хүний хохирлын асуудлыг хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Өнөөдөр ҮХОБанкны ТУЗ-ийн дарга Д.Сумъяабазар залилан хийсэн байна гэдэг асуудал хамтран ажилладаг дэлхийн хэмжээний банк санхүүгийн байгууллагуудад яаж тусч байна. Эргээд жирийн Монгол Улсын иргэдэд яаж тусах вэ, жирийн иргэдийн итгэл дээр тулгуурлаж явдаг банкны бизнест яаж нөлөөлөх билээ. Хүний бизнесийг дэмжиж ажилладаг миний хувьд яахлаараа залилагч болдог юм бэ гэдэг асуудлуудыг хөндөж тавьж байгаа. Энэ талаар гадуур залилуулсан хэмээн яригдаад байгаа энэ хүн тодорхой мэдээллийг өгнө” гэсэн юм.

-Д.Дагвадорж аваргатай холбоотой асуудлууд гадуур их шуугиан тарьж газар авлаа?

-Өнөөдөр Д.Дагвадорж аваргыг “Ганц худаг”-т тав хоног суулаа. Ах Д.Сумъяабазар нь батлан даалтад гаргаж авлаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ одоо ямар баримт байна вэ? Хэрвээ тэр юманд нь орсон бол нэгдүгээрт тэр чинь хуулийн талаасаа үндэслэлтэй байна биз дээ нөгөө талаасаа би очоод батлан даалтад авсан бол бүртгэл бичиг баримтанд нь гарын үсэг зурж авсан байх ёстой. Тэгэхлээр тэр М.Наранбаатартай холбоотой асуудлыг ч ярих нь зүйтэй хэмээн бодож байна. Д.Сумъяабазар ахыг дэмжээгүй учраас  МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг зодсон хэмээх асуудал тавиад байгаа юм. Би бодохдоо М.Наранбаатарыг ийм асуудал яриагүй байх гэж бодож байна. Яагаад гэхлээр тэрээр  сонгуулийн үеэр надад “Цаг үе-Үзэл бодол” нэвтрүүлэгтээ ороочээ гэсэн хүсэлт тавьж байсан. Тус саналыг нь би бодож үзээд энэ удаад наад саналаас чинь хоцоръё хэмээн хэлсэн.  Тиймдээ ч би М.Наранбаатарыг нэг нутгийн улс гэж дэмжиж ажилладаг юм. Тиймийн тулд  манай сэтгүүлчид энэ бүгдийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх гэж би бодож байна.

"Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк"-ны ТУЗ-ийн дарга Д.Сумъяабазар залилан хийсэн гэх энэхүү ташаа мэдээлэлд бодитой мэдээлэл өгөхөөр  залилуулсан хэмээн бичигдээд байгаа иргэн Н.Баттулга өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.


ТэрбээрЯмар нэгэн мэдээлэл  баттай эх сурвалжийн дагуу гардаг байх гэж боддог. Гэхдээ энэ дээр ташаа зүйл гарсан байна. ҮХОБанкны дарга Д.Сумъяабазартай хэд хэдэн төсөл дээр хамтарч ажиллахаар 2007 оноос бизнесийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Бид төсөлдөө зарцуулахаар 700 мянган ам.доллар ҮХОБанкнаас авах ёстой байлаа. Үүнийхээ 350 мянган ам.долларыг нь миний бие өөрөө аваад төслөө хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээд яахав үлдсэн 350 мянган ам.долларыг нь н.Батмөнх, н.Баатараа гэсэн хоёр нөхөр надад дамжуулж өгнө гэсэн нэрийдлээр аваад одоог хүртэл өгөөгүй байгаа. Үүнийг бол би зохих хууль шатны байгууллагад хандаад явж байгаа. Энэ хэрэг дээр Д.Сумъяабазарыг гэрчээр оролцуулж өгөөчээ гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ хүн гэрч болохоос биш залилан хийсэн хүн бол биш ээ. Одоог хүртэл манай компанитай урт удаан хугацааны түншлэлтэй хамтран ажилладаг ийм найдвартай түншээ. Гэтэл яахлаараа хөрөнгө оруулчихаад эцсийн эцэст хэвлэл мэдээллээр залилсан мэтээр яригдаад байгаа нь хамтран ажилладаг бидний хооронд буруу ташаа мэдээлэл болоод байна. Үүнийг залруулж үнэн бодитой болгохоор тус хэвлэлийн хуралд зорьж ирлээ” хэмээсэн юм.

-Тус төсөл тэгээд юу болсон бэ?

-Бидний хамтран ажилласан төсөл одоог хүртэл амжилттай хэрэгжээд бид бүхэн  ажиллаж байна. Цаашдаа ч амжилттай явна гэдэгт би итгэдэг. Энэ хэрэгт Д.Сумъяабазар гэрчээр оролцож байгаа болохоос залилсан хүн бол биш шүү гэдгийг дахин дахин хэлье. Өөрөө мөнгөө өгөөд санхүүжүүлээд явж байгаа хүн шүү дээ. Мөнгийг маань залилчихаад байгаа тэр хоёр нөхөр бол надтай хамтран ажиллаж байсан хүмүүс байхгүй юу.

Ийнхүү гадуур үүсээд буй мэдээллийг ташаа гэдгийг батлаж тухайн хэргийн хохирогч болох Н.Баттулга өөрийн биеэр ирж Д.Сумъяабазартай хамтарсан мэдэгдэл хийсэн нь дээрх зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гараад амжсан мэдээллийг ор үндэслэлгүй болохыг нотоллоо.

А.ТЭМҮР

Top