Төсвийн тодотголын эхний хэлэлцүүлэг дууслаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төсвийн танилцуулгыг  Ерөнхий сайд Н.Алтанхуяг хийсэн юм.  Тэрбээр: “ Долдугаар сарын 1-ний байдлаар төсвийн бүрдүүлэлт 70, зарцуулалт 72 хувьтай байна. Төсвийн бүрдүүлэлт төлөвлөснөөс 599 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Тавантолгойгоос орж ирэх хөрөнгөнөөс 938 тэрбум төгрөг дутуу орж ирсэн. Баруун цанхийн ордыг ашиглах гадаадын хөрөнгө оруулалт зогссон нь төсвийн бүрдүүлэлт дутахад хүргэсэн. Мөн нүүрсний үнэ буурснаас экспортын хэмжээ буурсан. 31 сая тонн нүүрс гаргахаас 11 сая тонныг гаргасан. Нүүрсний экспорт 20 сая тонноор буурснаас гадна гадаадын зах зээлдэх үнэ буурснаар төсвийн алдагдал хүлээсэн байна. Нүүрсний үнэ, экспортын хэмжээ буурснаар Хүний хөгжлийн санд мөнгө орж ирэхгүйд хүрлээ. Гэвч өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 120-130 тэрбумыг төсөвт суулгаж өгсөн” гэх зэргээр  цөөнгүй тоо баримтыг  дурьдсан байгаа.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож эхэлсэн 1 сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг хэзээ өгөх талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Хүний хөгжил сангаас олгосон 340 мянган төгрөгийг 18 аймгийн ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд авч чадаагүй.  Өмнөх Засгийн газрын хийж чадаагүй ажлыг энэ онд багтаан хийхээр  хөрөнгийг төсвийн тодотголд суулгана. Хүүхдийн мөнгийг яагаад олгох болж байна вэ гэхээр өмнөх Засгийн газрын хоёр тогтоол байна. Би эд мөрийн баримттай ярина. Өмнөх Засгийн газрын хуралдаанаас нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай өрхийн хүүхдэд сард 15 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэсэн. Дээр нь амьдрал ядуу өрхийн насанд хүрэгчдэд мөн мөнгө өгөхөөр заасан байсан. Нийт 40 тэрбум төгрөг шаардаж байгаа. Тиймээс ингэж хавтгайруулах нь зохисгүй, халамжийг жинхэнэ хавтгайруулсан хэрэг болно. Дээр нь хүүхдүүдээ ялгаж байснаас 0-18 хүртэлх насныхандаа сар тутамд 20 мянган төгрөг олгох нь зөв юм аа гэж үзсэн. Бид хамтдаа ойлголцоод явахад хэрэгжүүлэх боломжгүй хөтөлбөр биш” гэв.

 Гишүүд голчлон  ямар хөрөнгө оруулалтыг хассан талаар тодрууллаа.  

Яг одоо гишүүд саналаа хэлж байна. О.Содбилэг зам засварт хөрөнгө нэмж тусгах хэрэгтэй гэсэн бол Д.Оюунхорол гишүүн цэцэрлэгийн санхүүжилтийг хасуулмааргүй байгаагаа хэллээ. Тэрбээр олон сум соёлын төвгүйг Соёл, спортын сайдыг анхаарахыг хүссэн юм.

Үүгээр 2012 оны төсвийн тодотголыг  УИХ-ын ээлжит бус чуулганаар нэг дэхь хэлэлцүүлгийг хийж дуусгав. Улмаар байнгын хороонд шилжүүлсэн.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top