Д.Ганбат Хүний эрхийн хорооны дарга боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

 

Өнөөдөр дөрвөн байнгын хорооны хуралдаантай талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Хууль зүйн байнгын хороо эхлэх ёстой цагаасаа 40 минутаар хоцров. Улмаар Монголын хууль хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулснаар эхэлсэн юм. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.  

Төсвийн тодотголоор хууль хяналтын байгууллагад 981 сая төгрөг нэмэгдэж төсөвлөгдсөн байгаа. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч соён гэгээрүүлэх ажиллагааг явуулаасай гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуралдааны үеэр онцлов.

Хууль зүйн сайд ирэх жилээс Мөрдөн байцаах болон Хууль сахиулах ажиллагааны талаар хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөөд байгаа юм байна. Үүнээс гадна бусад олон асуудлаас шалтгаалж хууль, хяналтын байгууллагуудын зарим төсвийг танасан байна. УИХ-ын гишүүдээс асуулт асуусангүй. Улмаар тогтоолын төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Үүний дараагаар Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр болсон. Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор тус аймагт түр болон байнга оршин суугчдын тоо нэмэгдэж байгаа юм. Үүний улмаас тус бүс нутагт гэмт хэргийн гаралт их байгаа. Тиймээс Ханбогд суманд сум дундын шүүх байгуулахаар өдгөө хэлэлцэж байгаа юм. Сум дундын энэхүү шүүх нь нүүдлийн байх гэнэ. Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар гишүүд асуулт  асуусангүй. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин 2013.01.01-ны өдрөөс хуулийг хэрэгжүүлж, гурваас таван хүний бүрэлдэхүүнтэй байх саналыг оруулсан. Энэхүү сум дундын шүүхийн бүрэлдэхүүнд багтсан ажилчдын амьдрах болон ажиллах байрыг Өмнөговь аймгийн Засаг дарга бололцооныхоо хэрээр шийдэж өгнө гэсэн байна. Сум дундын шүүх гурван хүний бүрэлдэхүүнтэй байхаар яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр хүний “нөөцтэй” байх талаар шүүх байгууллагынхан ярьж байна. Хэрвээ нөөцний гэгдэх хоёр хүнийг шүүхийн бүрэлдэхүүнд оруулбал зардал нь жилдээ 24 сая байх гэнэ. Харин шүүгчдийн амьдрах, ажиллах байрыг барих зардлыг төсөвт суулгаж өгөх нь зүйтэй гэдгийг УИХ-ын дарга хэлэв. Улмаар Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр батлахыг гишүүд дэмжив. Харин шүүх байгуулах тухай асуудлыг бүхэлд нь дэмжье гэдэг дээр гишүүд мөн 100 хувь дэмжсэн юм.  

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Байнгын хорооноос оруулах хуулийн төсөл байнгын хорооны хэлэлцэх гурав дахь асуудал байв. Хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулттай болон санал хэлэх гишүүн байгаагүй. Оруулж ирсэн төслийг эхний хэлэлцүүлгийг баталсан юм. Харин Л.Цог гишүүн горимын санал хэлсэн бөгөөд эхний хэлэлцүүлгээр энэхүү хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн юм. Түүний энэ саналыг гишүүд 100 хувь дэмсэн.

Улмаар Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Хүний эрхийн дэд хорооны даргаар Ардчилсан намаас Д.Ганбатыг нэр дэвшүүлсэн бөгөөд гишүүд 100 хувь дэмжсэнээр хуралдаан өндөрлөв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top