Өнөөдөр 12 цагаас “Интерном” их дэлгүүрт хуульзүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор, академич С.Нарангэрэлийн “Зохиомол хэрэг буюу Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” номын нээлт боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн, МУ-ын Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МСНЭ-ийн ерөнхийлөгч асан, доктор Т.Баасансүрэн нарын 50 гаруй хүн оролцлоо. Номыг нээж доктор Т.Баасансүрэн хэлсэн үгэндээ “Би өчигдөр энэ номыг хүлээж аваад хамгийн түрүүнд дуустал уншсан болохоор уншигч хүний сэтгэгдлээ хуваалцахыг хүссэн юм аа. Энэ номонд улс төрийн хэлмэгдэгч гэж юу вэ? Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт хэрхэн явагдсан бэ гэдгийг шүүхийн хавтаст хэргийн материал дээр түшиглэн он цагийн дарааллийн дагуу бичжээ. Зохиогчоос асар хүч хүч хөдөлмөр шаардсан бүтээл болж. Доктор С.Нарангэрэлийн урьд нь гаргасан ланжгар том номнуудын дэргэд энэ ном хэмжээний хувьд бол жижигхэн. Харин номны чадал чансаа, үнэ цэнэ чанарын хувьд бол тэдгээр номнуудаас нь огт дутахгүй сайн бүтээл болж чадсан байна. Зохиолч номынхоо төгсгөл бүлэгтээ “Би Н.Энхбаярт холбогдох хэргийн хавтаст материалуудтай танилцаад сууж байхдаа 1937 онд эргээд очсон мэт болж өөрийн эрхгүй бие жихүүцэж, айдас төрж байлаа” хэмээн бичсэн байсан. Энэ номыг уншихад нээрээ л улс төрийн хэлмэгдүүлэлт гэж юу вэ ямар аймаар цаг үед амьдарч байгаа юм бэ гэж санагдсан” гэв.
Үүний дараа өмгөөлөгч С.Нарангэрэл өөрийн бичсэн номынхоо талаар ярилаа. Н.Энхбаярт холбогдох хэрэг бол зохиомол хэрэг байсан. Түүнд ял оноосон тэр хэдхэн хуульчид бидний сүүлийн 22 жилийн турш бүтээсэн бүхий л үнэт зүйлийг минь үгүй хийсэн. Энэ хэлмэгдүүлэлт бол ганцхан Н.Энхбаярт хамаатай хэрэг биш. Монголын бүх ард түмний хувь заяа, тэдний үндсэн хуулиар хамгаалагдсан, олон улсын хүний эрхийн гэрээ конвенцээр хамгаалагдсан эрхтэй холбоотой зүйл. Хуульч хүн шударга үнэнийг тогтоох ёстой. Гэтэл одоогийн хуульчид шударга үнэнийг бус дээрээс ирсэн захиалгын дагуу сохроор биелүүлж, гэмгүй хүнийг гүжирдэж яллаж болдог гэдгийг сая харуулсан. Энэ бүх айдас жихүүдсийг харуулах гэж уг номоо бичсэн гэв.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва “Н.Энхбаяр даргыг 4-р сарын 12-ноос эхлэн хэлмэгдүүлсэн. Энэ бол улс төрийн үнэхээрийн аймшигтай хэлмэгдүүлэлт байсан. Хэлмэгдүүлэх явц нь өдрөөс өдөрт улам л харгис хэрцгий шинжтэй болж ирснийг бид харсан. 1937 онд лам нарыг хэлмэгдүүлэхдээ хувцсыг нь өмсүүлж, дээлийг нь нөмрүүлээд авч явдаг байсан бол орчин цагт хөлийг нь гозолзуулаад оймстой нь авч явдаг гэдгийг бас энэ үйлдлээ удаа дараа давтаж болдог гэдгийг харуулсан. 1937 онд монголын бүх айл өрх хэлмэгдсэн гашуун түүх бидэнд бий. Хэлмэгдүүлэлтэд өртөж, түүний гашуун зовлонг амссан хүмүүс одоо ч гэсэн амьд сэрүүн байгаа. Төрийн хийсэн тэрхүү алдааг бид дахин давтах ёсгүй. Дахин давтуулахгүйн тулд бид шаардлагатай бүхнийг хийх болно. Энэхүү хэлмэгдүүлэлтийг баримт нотолгоотойгоор бичиж харуулсан С.Нарангэрэл хуульчдаа баярлалаа” гэв.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог “Энэ ном бол уран зохиолын ном биш. Хөдөлшгүй баримт нотолгоон дээр тулгуурлаж, хэлмэгдүүлэлт хэрхэн явагдсаныг харуулсан бүтээл болсон. Энэ номын гол баатар эдүгээ хилс хэргээр шоронд сууж байна. Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх ажиллагаа улс төрийн захиалгатайгаар, эрх баригчдын даалгавараар зохион байгуулалттайгаар эхэлсэн. Анх 12-р сард Н.Энхбаяр даргыг баривчлах гээд өрөөнд нь дайрч орж ирж байсныг Н.Удвал сайд харсан байдаг. Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн үйл явдал нь өөрөө Монголын нийгэмд айдас түгшүүр болж эхэлсэн. Та бидний зүрхэнд, ардчиллын зүрхэнд хутга зоосон явдал болсон. Ийм нөхцөл үүсээд байхад ардчилал, хүний эрхийн төлөө ямарч боломж байхгүй. Бид ард түмний нүдэн дээр ил болсон улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар энэ номноос уншиж болно. Тэгээд энэхүү хэлмэгдүүлэлтийг зогсоох талаар тэмцэх болно. Түүнчлэн хуульчдын хэлмэгдүүлэлтийн золиос болж шоронд сууж байгаа, араас нь хэл ам хийж явах хүн байхгүй, ядарсан мянга мянган хүний хэргийг цагаатгаж хэлмэгдүүлэлт гэдэг зүйлийг байхгүй болгохын төлөө Монголын ард түмэн тэмцэх ёстой” гэсэн юм.
А.Алт
Сэтгэгдэл ( 0 )