Монгол Улсын Ерөнхийлөгч 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлан гаргасан “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 21-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсныг өнөөдөр \2012.09.05\ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан УИХ-ын даргад өргөн барилаа.
“Чингис хаан” одон нь Монгол Улсын төрийн дээд, тэргүүн зэргийн одон юм. Анх 2002 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21-р тогтоолыг батлаж байжээ.
Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш тус одонгоор нийт 6 хүн шагнагдсан байна.
Уг төслийг “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байх нь зүйтэй хэмээн үзснээр боловсруулсан байна. Мөн тогтоолын төсөлд “Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар батлаж байхаар тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )