Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн /2012.09.05/ хуралдаанаараа Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулиудын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуух гишүүн байсангүй.
Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэн арга хэмжээний зардлыг төсөвт тусгасан эсэхийг лавлаад уг арга хэмжээнд шаардагдах 2.7 тэрбум төгрөгийг төсөвт тусгах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
Тагнуулын ерөнхий газраас төсөвтэй холбогдуулан хүсэлт саналаа ирүүлснийг УИХ-ын гишүүн Б.Болор гишүүдэд дамжуулсан. ТЕГ-ын тэргүүн дэд даргын тайлбарласнаар, Засгийн газрын 2011 оны 312 дугаар тогтоолоор төрийн холбооны үүрэн утасны үйлчилгээг зогсоон, төхөөрөмжийг нь Монголын цахилгаан холбоо компанид шилжүүлсэн ажээ. Гэтэл уг үйлчилгээнээс 100 сая төгрөгийн. орлогыг ТЕГ оруулна гэж төсөвт төлөвлөсөн байгаа аж. Үүнийг хасч өгөх хүсэлтийг ирүүлсэн байна.
Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын цэрэг татлага, халахтай холбоотой тээвэр, шатахууны зардал, цэргийн ангиудын түлш халаат, нэг удаагийн тэтгэмжид зарцуулах мөнгөний асуудлыг төсвийн тодотголд нэмэн суулгах саналыг УИХ-ын гишүүн М.Батчимэг, Б.Гарамгайбаатар нар гаргасан. ЗХЖШ-ын нэг удаагийн тэтгэмжийн зардалд 357 сая төгрөг төсөвлөсөн аж. Гэтэл энэ жил 216 офицер, албан хаагч тэтгэвэр тогтоолгон гарах бөгөөд эдгээр хүмүүсийн тал шахам нь хуулиар тогтоосон нэг удаагийн тэтгэмжээ авч чадахгүйд хүрээд байгаа талаар ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав хэлж байлаа.
Гишүүд дээрх гишүүдээс гаргасан саналыг мөн дэмжсэн. Ингээд Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Сэтгэгдэл ( 0 )