Манай улсын дотоод өр 770 тэрбум, гадаад өр 2,6 их наяд төгрөгт хүрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 05

Өнөөдөр Төрийн ордны хуралдааны Б танхимд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсны эхэнд Нийгмийн даатгалын  болон Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Мягмар гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Дэмбэрэл нар “ Хуулийн төслийг хэлэлцэх нь зөв. Гэхдээ Нийгмийн даатгалын байгууллагын удирдлагыг томилохдоо тухайн шатны Засаг дарга ч биш, босоо удирдлагаар ч биш, харин Нийгмийн даатгалын дэргэдэх гурван талт Үндэсний зөвлөлөөс томилдог байхаар энэ хуулийн төслийг сайжруулаач гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан.  Энэ саналын дагуу хуралдаанд оролцсон гишүүд санал хураалтанд орж, олонхийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулахаар болсон юм.  

 Үүний дараа Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. УИХ-ын гишүүн Г.Уянга Сангийн сайдаас Монгол Улсын гадаад болон дотоод өрийн хэмжээг асууж, Бид төсвийн тодотголыг хийхдээ өрийн бичгээр шийдэж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхдөг болжээ. Нэмэлт хөрөнгийн эх үүсвэр олон тал дээр дутмаг ажиллаж, зөвхөн ашигт малтмалаа тойрсон ядмаг арга хэрэглэж байгаагаа өөрчлөх хэрэгтэй. Тамхины онцгой албан татварыг нэмж байгаатай адил архи болон ашигт малтмал олборлож байгаа уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авбал ямар вэ? Хэмээн боломж бий эсэх талаар асууж байлаа. Сангийн сайдын мэдээлснээр манай улсын дотоод өр 770 орчим тэрбум төгрөг, гадаад өр буюу дутуу төлөгдсөн зээл 2,6 орчим их наяд төгрөг байгаа гэнэ. Гэхдээ энэ нь одоогоор эдийн засгийн байдалд дарамт үүсгэхгүй гэлээ.

Бусад  гишүүдийн хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний асуудал дээр нилээд нухацтай хандаж байсан. Тухайлбал, С.Эрдэнэ, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар 2008 онд хүүхдийн хоолны мөнгийг 1100 төгрөгөөр тооцож төр 100 хувь даадаг болсон. Гэтэл өнөөдөр инфляцийн түвшин нэмэгдэж энэ мөнгөөр хүүхэд хооллоход хүндрэлтэй байна. Тиймээс төсвийн тодотголд тусгаж 2100 төгрөг болгох хэрэгтэй. Мөн эцэг эхчүүдийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс төр, эцэг эх хувааж төлөх гарц байгааг ч дурьдлаа. УИХ-ын С.Ганбаатар, Гадаадын улс орны жишгээр нөхцөлт мөнгөн тэтгэлэг бий болгож, давхар нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн саналыг ч гаргаж байлаа. Харин Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, хоолны мөнгийг нэмэгдүүлж үдийн цайг 400 байсныг 800 төгрөг, дотуур байрны хоолны зардлыг 1500 байсныг  3400 төгрөг болгох саналыг холбогдох яамдад хүргүүлж дэмжигдсэн. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулна. Наана нь шийдэх шаардлагагүй гэсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Оюунгэрэл нар хэлэхдээ, Яагаад тодотгол хийж байгаагаа мартах хэрэггүй. Төсвийн орлого 1,2 их наяд төгрөгөөр дутаж, төсвийн алдагдал 4,9 хувьтай байна. Хүүхдүүдээс мөнгөө харамлаж байгаа биш.  10-р сарын 1-нээс хүүхэд бүрт сар тутамд олгох 20000 төгрөг өгөх гээд төсөвт 60 тэрбум төгрөг тусгасан. Бас эх орны хишиг хувьцаа аваагүй иргэдэд 1 сая төгрөг олгох үүрэг байгаа. Ийм байдалд төсөвт ачаа нэмэх шаардлага байхгүй. Хөнжлийнхөө хирээр хөлөө жийцгээе гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараагаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн гаргасан Архины онцгой албан татварыг нэмэх замаар орох нэмэгдэл орлогоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 2100 төгрөг болгож нэмэх санал олонхийн дэмжлэг авсан юм. УИХ-ын НББСШУБХ-оос гарах санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэх болсноор хуралдаан өндөрлөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top