Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Дөнгөж сая Эдийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанд таван гишүүн оролцсон ч 13 гишүүнээр тооцон санал хураасан юм. Өөрөөр хэлбэл Индонезийн Ерөнхийлөгч манай улсад айлчлал хийж байгаатай холбоотойгоор гишүүд байнгын хорооны хуралдаанд сууж амжсангүй. Улмаар  бүх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Хуралдаанаар 2012 оны төсвийн тодотголтой холбоотойгоор хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Тухайлбал жолоочийн даатгалын мөнгийг нөхөн төлөхөд зориулж жолоочийн даатгалыг санд 1.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байна.  

Санхүүгийн зохицуулах хорооны урсгал зардал болон ажилчдын цалинг олгох зорилгоор 91 сая төгрөгийг төсөвт нэмж суулгах саналыг 13 гишүүны 11 нь зөвшөөрөв. Энэ асуудал нь энэ жилийн төсөвт огт тусгагдаагүй байсан бөгөөд тодотголд ийнхүү тусгагдаж байгаа нь энэ ажээ. Санхүүгийн зохицуулах хорооны төсвийг өнгөрсөн жил шалтгаангүйгээр хассан болохоор ажилтнууд нь 2011 оны 10-р сараас хойш цалингийн нэмэгдлүүдээ авч чадаагүй гэнэ.

Хэтний аймгийн Биндэр суманд баригдах 960 хүүхдийн сургууль барих ажил 2009 онд эхэлсэн ч төсөвгүйн улмаас зогссон байна. Энэ барилгыг гүйцээх талаар байнгын хороогоор ярилцсан ч ирэх оны төсөвт хамгийн түрүүнд тусгахаар болж түр хойшлуулав.

Үүний дараа М.Сономпил гишүүний оруулж ирсэн хоёр саналыг хэлэлцэн батлав. Тодруулбал Хөвсгөл аймгийн Жаргалан суманд баригдах уурын зуухыг тус аймгийн Цэцэрлэг суманд барих асуудлыг 13 гишүүний 11 нь зөвшөөрөв. Жаргалант суманд барих тухай хуулинд тусгасан байхад хууль зөрчин Цэцэрлэг суманд уурын зуухны суурийг тавьсан хариуцаж байгаа ажилтанд хариуцлага тооцох ёстойг онцлов. Үүний дараа Увс аймгийн Тэс суманд цахилгаан станц барихад 3,4 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд үүний эхний ээлжийн төсөв болох 750 сая төгрөгийг төсвийн тодтголд хэвээр үлдээх саналыг байнгын хорооны 13 гишүүдийн 11 нь зөвшөөрөв.

Үүний дараагаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2012 оны төсвийн тодотголын тухай хуулийн 12.3.1.26-д бүх аймгийн багуудад G Mobile-ийн сүлжээ оруулахад 1.6 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд хэвээр үлдээх талаар ярилцлаа. Уг ажил өмнө нь нэг удаа буцаагдсан гэнэ. Энэ удаад саналыг нь буцаахгүй байхыг гишүүн хүссэн юм. Улмаар байнгын хорооодын 13 гишүүний 11 нь зөвшөөрснөөр байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top