Төрийн албан хаагчдын холбоо албан ёсны тайлбар хүслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Өнөөдөр Монголын төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяр, менежер С.Алтангэрэл нар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Учир нь Засгийн газар шинээр байгуулагдаж, зарим яам, агентлагуудын бүтцэд өөрчлөлт оруулж, татан буулгаад байгаа билээ. Иймд төрийн албан хаагчдыг цомхотгох гэж байна гэсэн эзэнгүй яриа гарах боллоо. Үүнээс болж төрийн албан хаагчдад цомхтголд орох вий гэсэн айдас бий болоод байгаа тул УИХ болон Засгийн газрыг албан ёсоор тайлбар өгөхийг хүслээ. Түүнчлэн, төрийн албаны шинэтгэлийн бодлогыг олон нийтийн оролцоотойгоор, нээлттэй, ил тод, ардчилсан зарчмаар хэлэлцүүлэх саналаа илэрхийлээд байв.

Мөн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтнуудыг төрийн албаны болон төрийн жинхэнэ албан тушаалтныг сонгон шалгаруулах тухай журмыг зөрчин чөлөөлж, томилж байгаад Төрийн албаны зөвлөл өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүсэхийн дээр зөвлөлийг төрөөс ангид байж төрийн жинхэнэ албан хаагчдын эрх ашгийг хамгаалж ажиллахыг шаардаж байна гэлээ. Улсын хэмжээнд 105 мянга гаруй төрийн албан хаагч байдаг ажээ.

Төрийн албан хаагчдын холбооны менежер С.Алтангэрэл хэлэхдээ “МУ-ын засгийн газраас шинэ яам, агентлаг байгуулагдсантай холбоотойгоор бүтэц орон тоог нэмэхгүй, хасахгүй гэдэг тоогоо зарлаж байна. Гэхдээ Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд 60 гаруй хүн ажилладаг байсан. Гэтэл одоо тус яам хоёр хуваагдан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам болж салаад буй. Тус 60 гаруй ажилтнаас 50 гаруй нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамандаа үлдэж, шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн яаманд 70 гаруй ажилтантай байх орон тоог баталжээ. Ингэхээр Хөдөлмөрийн яаманд 50 орчим ажилтны дутагдал гарна. Үүнтэй адил яамдад илүүдэл, дутагдал бий болж байна. Илүүдэл бий болж байгаад нь айдас, дутагдалтайд нь олон өндөр албан тушаалтан томилогдох вий гэсэн болгоомжлол төрөөд байгаа юм. Холбооны зүгээс ердөө л сонгуулиас сонгуулийн хооронд төрийн албаа тогтвортой байлгаач гэсэн санал л тавихыг хүслээ. Цаашдаа ч холбоогоороо дамжуулан төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд холбогдох газар нь дуу хоолойгоо хүргэнэ” гэлээ.

Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяр:

-Холбоо төрийн албан хаагчдын ажлын байрыг тогтвортой байлгахын төлөө саналаа хэлж байна. Үүнээс өмнө ямар ажлыг хийж байв?

-Холбоо 2011 оны нэгдүгээр сард байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Бид төрийн албаны эрдэм шинжилгээний ажлыг голлож хийдэг, төрийн захиргааны шинэтгэлийн асуудлаар дуу хоолойгоо хүргэж ажилладаг. Улирал тутам сэтгүүл гарган, төрийн албан хаагчдын уламжлалын мөн чанар, улс орнуудын туршлага, хувийн болон төрийн албанд нэвтрүүлж болох сайн туршлагуудыг сурталчлах ажлыг зохион байгуулдаг. Мөн гишүүдийн зүгээс хийж байсан олон ажил бий. Хамгийн анхны төрийн албан дахь хүний нөөцийн төлөвлөлтийн анхны загвар төслийг боловсруулж, ТАЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн “Бүх төрийн байгууллагад загвар болгон хэрэгжүүлэх нь зүйтэй” гэдэг шийдвэрийг гаргуулж байсан. Энэ мэт төрийн албаны шинэтгэлд бодитой байр сууриа илэрхийлдэг шүү.

Одоо төрийн албыг нийтийн алба болгон өөрчилнө гээд оньсого тавьчихаад байна. Үнэндээ хэрхэн өөрчлөх гээд байгаа нь тодорхой бус, “Ер нь сайхан болно” гээд байгаа. Гэтэл төрийн албаны чиглэлийн 20 орчим тогтоомж, журам үйлчилдэг. Энэ журам дээр ямар дэвшил гарах юм бэ гэдэг нь харагдаж өгөхгүй л байх юм. Ийм битүүлэг байдал нь алба хаагчдад улс төрийн халаа, сэлгээ хийнэ гэдэг хардлага төрүүлэхийн зэрэгцээ, төрийн албыг сулруулж, хүчгүйдүүлж байна. Төрийн албыг хаших гэж өдөр өнгөрүүлсэн байдал руу оруулж байна шүү дээ. Төрийн албыг хүмүүс яагаад сонгож, хүсэж тэмүүлдэг гэхээр баталгаатай тогтвортой, мэргэжлийн карьерийг нь дээшлүүлж байдаг гэж үздэг юм. Үүний хажуугаар дөрөв дөрвөн жилээр ажил алба, чиг үүрэг өөрчлөгдөөд байвал хүмүүс энэ дөрвөн жилээс гадна дараагийн дөрвөн жилд хэн дарга болох бол, түүнийг дагана гэдэг сэтгэлгээг бий болгодог сөрөг талтай. Энэ нь төрийн албаны үр нөлөө, чадамжид нөлөөлөөд эхэлдэг.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top