Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /есдүгээр сарын 6/ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Индонез Улс /БНИУ/-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Сусило Бамбанг Юдоёонод бараалхлаа.
УИХ-ын дарга эрхэм Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно болон Индонезийн төр, засгийн төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүсч, манай оронд тавтай морилохыг ерөөгөөд шинэ парламент бүрдсэнээс хойшхи анхны өндөр дээд хэмжээний айлчлал болох энэхүү айлчлал Монгол, Индонезийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэх эрх зүйн үндэс тавигдаж чадсанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд “Нэг бүс нутагт орших, ардчиллын хувьд нас залуу, хөгжиж буй орнуудын хувьд манай хоёр орон улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлд шийдвэрлэхээр зорьж буй нийтлэг олон асуудал байгаа”-г тэмдэглэж, өөрсдийн алдаа онооноос олж авсан туршлага, сургамжаа хуваалцах, хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын дарга 1990 онд ардчилсан хувьсгал ялснаас хойш Монголын ард түмэн зургаа дахь удаагийнхаа парламентыг сонгон ажиллуулж байгааг дурдаад Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, түүний институцүүдийг бүрдүүлэхэд парламентын төлөвшил чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлохын ялдамд улс орондоо авлига, хээл хахуулийг хумих, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод болгох, үндэсний эв нэгдлийг хангахад онцгой анхаарч, тодорхой амжилт гаргаж буйд нь эрхэм Ерөнхийлөгчид баяр хүргэв. Нийгэмд шударга ёс тогтооход саад тотгор болж буй авлига хээл хахууль, хуулийн хангалтгүй хэрэгжилт зэрэг асуудлыг засч залруулах, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх нь Монгол Улсын хувьд өнөөдөр хамгийн чухал асуудал болоод байгааг УИХ-ын дарга онцлон тэмдэглээд хоёр орны хууль зүйн яамд, хууль сахиулах байгууллагуудын хооронд харилцаа холбоо тогтоох саналтай байгаагаа хэллээ. Тэрбээр мөн эрдэс баялгийн нөөцөөр арвин манай орны хувьд уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, байгалийн баялгийн өгөөжийг тэгш хүртээмжтэй хуваарилах шаардлага тавигдаж буйг дурдаад энэ чиглэлээр Индонезийн хэрэгжүүлж буй бодлого болон Газрын тосны хуулийн явцыг сонирхож, “Монгол Улс 2000 оноос хойш уул уурхай, ашигт малтмал төдийгүй ой, ус зэрэг баялгаа хайрлан хамгаалах чиглэлээр хууль тогтоомжоо боловсронгуй болгохоор ажиллаж, энэ чиглэлээр таван багц хууль боловсруулаад байгаа, ирэх дөрвөн жилд УИХ энэ чиглэлд онцгой анхаарч ажиллана, ялангуяа энэ оны эцсээр Газрын тосны тухай хуулийг урагшлуулан хэлэлцэхээр төлөвлөөд байгаа, танай орны баялаг туршлагаас сурч, одоогийн хуулиндаа дорвитой өөрчлөлт оруулахын тулд тодорхой төлөөлөл илгээж Индонезийн туршлагаас сурах хүсэлтэй байна” гэлээ.
УИХ-ын дарга бас шинээр бүрэлдсэн парламентад байгуулах Монгол-Индонезийн бүлгэмээр дамжуулан хоёр улсын парламент хооронд ажил хэрэгч холбоо тогтооон хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Эрхэмсэг ноён Сусило Бамбанг Юдоёоно өнө эртний их түүхтэй Монгол оронд айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд албан ёсны айлчлалынх нь хүрээнд морилон ирж бараалхсанд УИХ-ын дарга З.Энхболдод талархаж буйгаа хэллээ. Тэрбээр Монгол Улсын ардчилсан хөгжлийн амжилт ололтод баяр хүргээд Индонези орон авлига, хээл хахуультай тэмцэх талаар тодорхой амжилтад хүрч байгаа, ялангуяа нэг бүс нутагт оршдог ардчилал, хүний эрх чөлөөг хөгжүүлэх адилхан зорилготой хоёр орны хувьд нэг нэгээсээ суралцах, ололт туршлагаа хуваалцах зүйл цөөнгүй байгаа гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд Индонези улс Газрын тос, байгалийн хийн тухай 2001 оны хуулиа энд онд багтаан шинэчилж, газрын тосны геологийн судалгааг эрчимжүүлэх, нөөцийг нь тодорхойлох, ирээдүй хойч үеийнхэндээ зориулан газрын тос, байгалийн хийгээс олсон орлогоороо тусгай сан байгуулах талаар хууль тогтоомждоо тодорхой, шинэ заалт оруулахаар ажиллаж байгаа талаар ярилаа. Тэрбээр байгалийн баялаг, түүний дотор газрын тос, ураны олборлолт, тэдгээрийн үр өгөөжийг нийт ард түмний хүртээл болгохын тулд эрх зүйн орчноо боловсронгуй болгох чиглэлээр хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллах, Монголын талаас төлөөлөгчид хүлээн авч сургахад бэлэн байгаагаа илэрхийлээд хоёр орон, түүний дотор парламент хоорондын харилцааг хөгжүүлэх, уул уурхайн салбарт хамтран ажиллах чиглэлээр УИХ-ын даргын саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )