УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хорооны өрхүүдэд утаагүй зуух үнэ төлбөргүй олгохоор улсын төсөвт 397 сая төгрөгийн тодотгол хийснийг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжлээ. Гэхдээ тендерийг цаг хугацаанд нь зарлах, нийслэлийг утаагүй болгох ажлын хүрээнд дээрх ажлыг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн санал гишүүдээс гарч байсан. Мөн хуралдаанаар 2012-2013 онд мах нөөцлөхөд улсаас 8 тэрбум төгрөг төсөвлөснийг хэлэлцсэн. Дээрх төсөвт хөрөнгөөр мах нөөцлөхөд ирэх оны 2-7 дугаар сар хүртэлх хугацаанд махны үнийг тогтвортой байлгахад нөлөөлөхийн зэрэгцээ нийслэлчүүдийн махны хэрэглээний 20 хувийг хангах бололцоотой гэж төсөвлөн хуулийн төсөлд тодотгол хийснийг байнгын хорооны гишүүд дэмжиж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )