Архины онцгой албан татварыг ирэх сарын нэгнээс нэмнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 06

Дөнгөж сая Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар архины онцгой албан татварыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Тодруулбал архины хатуулагаас шалтгаалан оногдуулах татварын хэмжээ өөр байх гэнэ. Тухайлбал 25 хүртэл хувийн хатуулагтай архинд одоо мөрдөгдөж байгаа татварын хууль мөрдөгдөх бол харин 26-40 хувийн хатуулагтай архинд одоо мөрдөгдөж байгаа татварын хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэх ажээ. Харин 41 болон түүнээс дээш хувийн хатуулагтай архинд одоо мөрдөгдөж байгаа татварыг нэг дахин нэмэгдүүлсэн хэмжээний албан татвар оногдуулах юм байна. Энэхүү өөрчлөлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм. Хэрвээ маргаашийн чуулганаар асуудлыг шийдвэл уг хууль ирэх сарын нэгнээс эхлэн мөрдөгдөх аж.

Архины онцгой албан татварыг нэмснээр хатуулаг ихтэй архины хэрэглээ буурах эерэг талтай юм. Өөрөөр хэлбэл архины борлуулалт 30 хувиар буурч улсын төсөвт 11 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэдгийг Сангийн сайд тооцоолжээ. Улсын төсөвт төвлөрсөн дээрх орлогыг цэцэрлэгийн хүүхдийн хоол болон сургуулийн дотуур байранд амьдарч байгаа сурагчдын хоолны мөнгийг нэмэхэд зарцуулах юм.

А.Баярмаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top