УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая дууслаа. Уг хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ удаагийн төсөв "цөмөрсөн" гэдгийг Сангийн сайд онцлоод зарим нэг хөрөнгө оруулалтыг дараа жил болгон хойшлуулснаа тайлбарлав.
Улмаар бусад байнгын хорооноос дэмжигдэн орж ирсэн санал нэг бүрийг хэлэлцэж, зарим нэг саналыг дэмжилгүй унагасан юм. Тухайлбал эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль 2013 оноос хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор санг бүрдүүлэхэд эхний ээлжинд 1.5 тэрбум төгрөг тусгая гэсэн саналыг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гаргасан. Харин гишүүд энэ хөрөнгийг төсвийн тодотголд тусгах зайлшгүй шаардлага харагдахгүй байна. Ирэх жилийн төсвийг хэлэлцэх үед хөрөнгө нь суугаад явахад боломжтой хэмээн үзсэнээр санал дэмжлэг хүлээсэнгүй уналаа. Мөн Увс аймгийн Малчин сумын цахилгаан дамжуулах дэд станцад 750 сая төгрөг тусгах тухай Эрчим хүчний сайд М.Сономпил санал гаргасан ч дэмжлэг хүлээж чадсангүй. Мөн хүлээлт үүсгээд байсан зам, барилгын ажлыг гүйцэтгэх зорилгоор 91.1 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар санхүүжүүлэхийг эргэж харж тооцоог нягтлах гэснийг дэмжсэнгүй унагалаа. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хорооны өрхүүдэд утаагүй зуух үнэ төлбөргүй олгохоор улсын төсөвт 397 сая төгрөг тусгах саналыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар гаргасан нь "газар аваагүй" юм.
Харин төсөлд 2012 оны төсвийн алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан ч түүнээс давж болзошгүй байгаа тул урсгал зардлыг дахин авч үзэх шаардлагатай байна гэсэн саналыг Л.Энх-Амгалан нарын гишүүд гаргасныг дэмжлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх шатанд дээрх санал гаргахад мөн дэмжлэг хүлээсэн юм байна. Мөн УИХ-ын төсвийг хасахгүй хэвээр үлдээх саналыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар гаргасныг олонхи гар өргөн дэмжсэн. Мөн ирэх сараас хүүхэд бүрт олгох 20,000 төгрөгийг олгох асуудалд гишүүд ширүүхэн маргасны эцэст саналыг дэмжсэн юм.
Улмаар саналын зөрүүтэй заалтууд дээр санал хурааж маргааш УИХ-ын ээлжит бус чуулганаар 2012 оны төсвийн тодотголын хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр болсон юм. Бид маргаашийн чуулганы хуралдааны мэдээллийг шуурхай хүргэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )