Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2012 оны 09 дүгээр сарын 06-нд болж, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Архи согтууруулах ундаанд ногдуулах татвар бага байгаагаас сүүлийн жилүүдэд дотоодод үйлдвэрлэсэн архи согтууруулах ундааны хэмжээ нэмэгдэж байгаа төдийгүй хэрэглээ нь сүүлийн 3 жилд хурдацтай нэмэгдэж, өмнөх жилүүдийнхээс 43,2 хувиар өсчээ.
Иймд архины хэрэглээг хязгаарлах, зохистой зөв түвшинд байлгах, түүний хор хөнөөлтэй тэмцэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд 25-аас дээш хатуулагтай, дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэснээр архины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдэх юм байна.
Энэ төсөл батлагдсанаар нийгмийн болоод иргэдийн эрүүл мэндэд эергээр нөлөөлөхөөс гадна энэ оны төсвийн орлого 20 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )